СУРВАЛЖИЛГА: Цахим гавтай ялтнууд хяналтын бүсээс гарах, эвдэх гэсэн оролдлогод дэлгэцэн дээр дохио ирдэг /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Цахим гавтай ялтнууд хяналтын бүсээс гарах, эвдэх гэсэн оролдлогод дэлгэцэн дээр дохио ирдэг /ВИДЕО/

Монгол Улс энэ жилээс хорихоос өөр төрлийн ял буюу цахим гавыг ашиглаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлээд буй. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш 1600 орчим ялтан тус ялыг эдэлж байгаа аж.

Тэгвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, цахим бугуйвчтай ялтнуудыг хэрхэн хянадаг, эл төрлийн ялын онцлог, хэрэгжилт зэргийг сонирхож, ШШГЕГ-ыг зорив. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт цахим бугуйвчтай ял эдэлж буй ялтнуудыг “Цахим хяналтын төв” тусгай дэлгэцийн тусламжтайгаар хянадаг байна.

-Ц.ОЧГЭРЭЛ: ЦАХИМ ГАВТАЙ ЯЛТНУУДЫГ 12 ДЭЛГЭЦТЭЙ, ГУРВАН БҮСЭД ХУВААСАН ДЭЛГЭЦЭЭР ХЯНАЖ БАЙНА-

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлтэй цахим гавын талаар ярилцлаа.

Хурандаа Ч.Очгэрэл

-Зорчих эрхийг хязгаарлах ялын цахим гавны талаар мэдээлэл өгөөч?

-Гэмт хэрэг үйлдээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял шийтгүүлсэн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн даруйд нь ШШГЕГ-ын харьяа шийдвэр гүйцэтгэгч нар хүлээж аваад ялтныхаа биед нь цахим бугуйвчийг байрлуулдаг. Цахим бугуйвч нь зайнаас байршлыг мэдээлдэг, хөдөлгөөн маршрутыг харах үзүүлэлттэй. Мөн тухайн хүнийхээ биеийн хэмийг хэмждэг гарт зүүх зориулалтай юм.

-Хөлөнд зүүдэг бугуйвч тухайлбал бугуйвчнаас юугаараа ялгаатай юм бэ?

-Хөлийн бугуйвч нь гарт зүүдгээс ялгаатай нь хүний биеийн дулааныг хэмжихгүй. Харин бүсийн байршлийг зөрчсөн, хориотой бүс рүү ойртсон, цэнэг дууссан гэх мэт тохиолдолд чичиргээ өгч мэдээлэл өгдгөөрөө ялгаатай.

-Цахим бугуйвч нь ял шийтгүүлсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээх олны шүүмжлэл бий. Ийм тохиолдол гарсан уу?

-Цахим бугуйвч хуулийн дагуу ял шийтгүүлсэн хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоосон. Сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол гараагүй.

-Зорчих эрхийг нь хязгаарлаж, цахим гав хэрэглэж байгаа хүмүүсийг хэрхэн хянадаг юм бэ?

-Цахим бугуйвчийг техникийн ажилчид байршлыг хөдөлгөөнт гар цахим хэрэгслээр хянадаг. Мөн үндсэн хяналт ШШГЕГ дээр байрлаж буй цахим хяналтын төв нэгдсэн системд тавьж ажиллаж байгаа.

-Ял шийтгэл хүлээсэн хүн гав, бугуйвч хоёрыг гар хөл хоёртоо зэрэг зүүсэн тохиолдолд тухайн мэдээлэл ирэх үү?

-Үгүй. Зөвхөн нэгийг нь сонгож хэрэглэнэ. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн ял шийтгэл эдэлж буй хүний ажлын байр бусад онцлогийг харгалзан шийдвэрлэнэ. Ихэнх тохиолдолд гарын бугуйвчийг ашиглана. Хөлийн бугуйвчийг гарт зүүх боломжгүй. Бугуйвчийг далд байлгах сонирхолтой, үйлдсэн хэрэг болон байршлын хувьд онцлогтой хүмүүс ашиглаж байгаа.

-Бугуйвчийг хаанаас нийлүүлдэг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ашиглаж буй цахим бугуйвчийн хувьд тодорхой хувийн хэвшлийн байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр хөрш орны хамтарсан үйлдвэрүүдийн бүтээсэн 2G системийн цахим бугуйвчийг эхний шатанд ашиглаж байна. Энэхүү цахим бугуйвчийн ач холбогдолтой тал нь GPS-ээр тухайн хүний байршлыг тогтоохоос гадна энгийн аргаар гэмтээх боломжгүй, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө багатай гэсэн тооцооллоор ажилладаг юм.

-Гавын цэнэг дуусаж байгаа талаар мэдээлэл ирэхгүй байх тохиолдол бий юу?

-Цахим бугуйвчны цэнэгийн мэдээлэл бидэнд харагдах тул хянах боломжтой. 10-5 хувьтай болох үед бидэнд мэдээлэл ирдэг. Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд цахим гав хэрэглэж эхэлснээс хойш цэнэг дууссан хэд хэдэн тохиолдол гарсан. Түүнчлэн шийтгэл эдэлж байгаа иргэн санамсаргүй болон санаатай гавыг эвдэх, гэмтээх асуудал гаргаж байгаа.

Мөн санаатайгаар гавыг тайлах, гэмтээх тохиолдолд хянах боломжтой. Энэ тохиолдолд тухайн иргэнийг ял эдлэхээс зайлсхийсэн үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих хүсэлтийг прокурор, шүүхэд хандаж шийдүүлж байгаа.

-Хяналтыг хэрхэн тавьдаг юм бэ?

-Одоогоор манай цахим хяналтын төв дээр 12 дэлгэцтэй гурван бүсэд хуваагдсан дэлгэцийг ашиглаж байна. Мөн тусгай зориулалтын программ бий. Энэ программ нь улсын хэмжээнд цахим бугуйвч хэрэглэж байгаа ялтнуудын маршрут болон хувийн мэдээллийг хадгалж, хяналт тавьдаг. Хяналтад зөрчил илэрсэн болон анхааруулга ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн хяналтад байна вэ. Аймаг сумдын хэмжээнд хороо болгон дээр хяналтын систем ажилладаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1200 гаруй хүн хяналтад байна. Монгол Улсад өнөөдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хамгийн багадаа баг, хорооны хэмжээнд бүс нутгаас гарах боломжгүйгээр эсвэл хамгийн том нэгж болох сум дүүргийн хэмжээнд хязгаарлалт хийж байгаа. Зарим сум болон аймаг дээр цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна.

-Иргэдийн хувьд цахим гаваа тайлах, өөр газар үлдээх зэрэг зөрчил гаргах тохиолдол бий юу?

-Цахим бугуйвчийг ял шийтгэл эдэлж буй хүн энгийн аргаар тайлах боломжгүй. Бат бөх байдлын хувьд өндөр шаардлага хангасан гэж хэлж болно. Хэрэв ял эдэлж буй хүн өөрийн маршрутыг зөрчих бугуйвчийг гэмтээх, тайлах зэрэг тохиолдолд цахим удирдлагын нэгдсэн төв дээр дохиолол ирнэ. Ташрамд, нийт ял эдэлж буй хүмүүс, түүний ар гэрийнхэн болон тодорхой мэдээлэлтэй байгаа хүмүүсээс авсан нийгмийн судалгаанаас авч үзвэл уг ял шийтгэлийг эдэлсэн хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байна гэсэн үзүүлэлт гарсан.

-Цахим бугуйвчны үнэ хэд вэ?

-Өнөөдрийн байдлаар хэрэглэж буй зорчих эрхийг хязгаарлах ялд ашиглаж буй бугуйвч нь эдийн засгийн үнэлгээгээр нэг сая орчим төгрөгийн ханштай байна. Ингэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн тухайн бугуйвчийг ашиглахтай холбоотой зардал, эвдэж гэмтээсэн тохиолдолд үүсэж болох зардлыг өөрөө хариуцна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн хэмжээнд ял шийтгэлийн бодлого нэлээд уян хатан тал руу шилжиж байна. Ялангуяа дэлхийн улс орнуудад анхаарал татаж байгаа нэг асуудал нь хорих ялын сөрөг нөлөөг багасгах, шийтгүүлж байгаа хүмүүсийн нийгэмшлийн асуудал, гэр бүлийнх нь харилцааг таслахгүй байх асуудал чухлаар тавигдаж байгаа. Энэ хүрээнд 1983 оноос хойш нийт 30 гаруй улс орон нэгэн онцлог төрлийн ялыг эдлүүлж байгаагийн нэг нь зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим технологийн хяналтын төхөөрөмжийг ашиглан тухайн хүний байршлыг хянах замаар эдлүүлдэг ял юм.