LIVE: Дуу дүрсний бичлэгийг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан газар хийвэл хариуцлага хүлээлгэнэ

LIVE: Дуу дүрсний бичлэгийг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан газар хийвэл хариуцлага хүлээлгэнэ

Кибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "УИХ-аар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа. Энэ хуулиуд ирэх оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж байна.  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрд хадгалагдаж байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай мэдээлэл гэж ангилахаар болсон.  Нээлттэй мэдээллийн хүрээнд тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалттай холбоотой бүх мэдээллүүд нээлттэй болж байгаа. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагуудын талаарх мэдээлэл, тухайн байгууллагын ашиг алдагдлын тайлан зэрэг мэдээллийг бүхэлд нь нээлттэй ил тод мэдээллийн ангилал руу оруулж байгаа. 

Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа орлогын хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэргийг  бүхэлд нь нээлттэй мэдээллийн жагсаалтад оруулж байгаа. Шинээр баригдаж байгаа барилгын бүх процесс олон нийтэд нээлттэй болж байгаа. 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулахаар ажиллаж байна. Тиймээс нээлттэй мэдээлэлд улс төрийн намын гишүүнчлэл, дүрэм , түүнд оруулж байгаа хандив хөрөнгө зэрэг мэдээллүүд орж байгаа.  Төрийн сангийн зардлаар гадаадын их дээд сургуулиудад суралцаж байгаа хүмүүсийн мэдээлэл нээлттэй болж байгаа. Хэний ямар хүүхэд сурч байгааг нээлттэй болгож байна.  Цаашид дуу дүрсний бичлэгийн камерыг хаана байршуулах вэ, хаана байршуулж болохгүй вэ гэдгийг бид энэ хувь хүний мэдээллийг  хамгаалах хуулинд тусгаж өгч байгаа. 

Генетик мэдээлэл, цахим гарын үсэг, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, ял эдэлж байсан эсэх талаар мэдээлэл зэрэг хүнийг тодорхойлох боломжтой мэдээлэл хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалсан.  Дуу дүрсний бичлэгийг ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд илтэд халдсан газар байршуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж өгсөн байгаа” гэж мэдэгдсэн юм.