Дэлхийн хамгийн их хүнийг тээвэрлэх боломжтой гэдгээрээ алдартай Английн “Looping Munich” галзуу хулгана цахилгаан тасарсны улмаас дундаа тасалджээ.
Тодруулбал, тус хэрэг энэ даваа гарагт үдээс хойш Лондонгийн төв хэсэгт орших Хайд паркийн “Winter Wonderland”-д болсон байна. Паркийн зүгээс тэр даруй арга хэмжээ авч, “Winter Wonderland”-ийг хаасан бөгөөд одоог хүртэл нээгээгүй байгаа аж.
Харин хэвлэлийн төлөөлөгч нь хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Бид цаг алдалгүй аюулгүй байдлын журмаа баримтлан бүх үйлчлүүлэгчийг галзуу хулганаас аюулгүй буулгасан. Одоогоор шалтгааныг судалж байгаа бөгөөд аль болох хурдан нээнэ. Мөн сууж байсан бүх үйлчлүүлэгчид нөхөн төлбөр өгнө” гэсэн байна.
Мөн галзуу хулганын хамгийн урд талын эгнээнд сууж байсан гэрч BBC-д хэлэхдээ, “Эхэндээ бүх зүйл хэвийн зүгээр юм шиг байсан. Дараа нь гэнэт л бид зогссон. Яваандаа хоёр гурван удаа бага зэрэг урагшилж хөдөлсөн. Бид үнэхээр айж бас даарч байсан” гэжээ.