Дани улсын хорих ангиудын ачаалал хэтэрч, Косовогийн шоронгуудад таван жилийн хугацаанд 300 өрөө түрээслэх санал тавьсан билээ. Тэгвэл Косовогоос уг саналыг хүлээн авахаар болжээ. Хоёр улсын засгийн газар өнгөрсөн Даваа гараг/2021.12.20/-т тунхаг бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор баталгаажсан байна. Шоронгийн түрээсийн хариуд Дани улс Косовод жилд 15 сая евро төлөхөөс гадна тус улсад ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд санхүүгийн тусламж үзүүлэх болно.
Косовод ирсэн хоригдлуудад Данийн хууль үйлчлэх бөгөөд Европын бус орнуудын гэмт хэрэгтнүүдийн ялын хугацаа нь дуусах үед албадан гаргахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Данийн шоронгуудад 4000 орчим хоригдол хоригдож байгаа аж. Сүүлийн жилүүдэд ял шийтгэл сонссон хүний тоо 19 хувиар өсжээ. Улмаар Косовод шоронгийн өрөө түрээсэлснээр Данийн засан хүмүүжүүлэх салбарын ачааллыг ихээхэн багасгана гэж тооцоолж байгаа юм байна. Косово улсад ашиглагдаагүй 700-800 хорих анги байдаг.
Эх сурвалж: ВВС