БИДНИЙ ТУХАЙ: Хохирогч монгол охин гэрээр хичээллэх хүсэлт гаргаж, БНСУ-ын ХЭҮК холбогдох албан тушаалтнуудыг шалгахаар болов

БИДНИЙ ТУХАЙ: Хохирогч монгол охин гэрээр хичээллэх хүсэлт гаргаж, БНСУ-ын ХЭҮК холбогдох албан тушаалтнуудыг шалгахаар болов

Энэ сарын эхээр БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч үе тэнгийнхээ 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгч буй бичлэг цацагдаж БНСУ-ын иргэд төдийгүй Монголчуудыг цочирдуулсан. Уг хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3 /2021.07.03/-нд болсон бөгөөд маргааш нь буюу долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэнээр албан ёсоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Тус хэргийн сэжигтэн болох дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй учраас аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон билээ. Тэгвэл уг хэргийг БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ шалгахаар болжээ. Энэ талаар тус улсын JТВC телевизээр гарчээ.

-ХОХИРОГЧ ОХИН ГЭРЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА-

Тус мэдээлэлд, "БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс Кёнсаннамдо мужийн Янсан хотын дунд сургуульд сурдаг монгол охиныг бүлэглэн хүчирхийлж, дүрс бичлэг цацсан хэргийг албан тушаалын дагуу шалгахаар болжээ. Охины ээж уг хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллага болон сургуулийн захиргаанд хандсан байдаг. Гэвч өргөдөл гомдлыг шалгах ажил удаашралтай, хохирогчийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй байгаа учир Хүний эрхийн комисс уг асуудлыг ул суурьтай хянах шаардлагатай гэж үзэн холбогдох албан тушаалтнуудад шалгалт хийхээр шийдсэн бололтой.

ХЭҮК-ын ажилтан бидэнд хэлэхдээ “охинд анхан тусламж үзүүлж чадсан эсэх, мөн холбогдох байгууллагууд хамгаалж чадсан эсэхэд албан тушаалын шалгалт хийнэ. Хэрэв шалгалтаар хүний эрх зөрчигдөж байгаа нь тогтоогдвол хохирогчид ижил төстэй зүйл дахин тулгарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болно. Ямар ч нөхцөлд харьяалал харгалзахгүйгээр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах ёстой” гэжээ.

Янсан хотын дөрвөн сурагчийг өнгөрсөн долдугаар сарын 3-ны шөнө дундаас эхлэн монгол иргэншилтэй охиныг гэртээ хорьж, гар хөлийг нь хүлэн хүчирхийлж буй хэрэгт буруутган шалгаж буй. Мөн хохирогч охины духан дээр иргэншлээр нь доромжилсон үг бичиж, уг бичлэгээ бусад сурагчид зарсан байдаг.

Хэргийг хариуцсан Янсан хотын цагдаагийн газар өнгөрсөн аравдугаар сард хүчирхийлэл үйлдсэн хоёр сурагчийг бүлэглэн танхайрсан хэргээр яллагдагчаар татсан. Нөгөө хоёр сурагч нь хуулийн дагуу насанд хүрээгүй учир хэргийг Улсан дүүргийн шүүхийн насанд хүрээгүйчүүдийн хэлтэст шилжүүлсэн байна. Кённам аймгийн Боловсролын газрын ажилтан өнөөдөр бидэнтэй утсаар ярихдаа “Монгол охин гэрээр сурах хүсэлтэй байгаа учир арга хэмжээ авч ажиллаж байна. Уг хэрэгтэй холбогдуулж сургуулийн хүчирхийллийн асуудлыг хэлэлцэх комисс хуралдаж гэж байгаа. Гэхдээ хараахан тов нь тодорхой болоогүй байна” гэв.

Монгол охиныг хүчирхийлсэн асуудал иргэдийн уур бухимдлыг ч мөн маш их хүргэсэн. Улмаар Хөх ордны самбарт “Монгол охиныг хүлж, зургаан цагийн турш бүлэглэн танхайрсан дөрвөн хэрэгтнийг хатуу шийтгэж, хэн болохыг илчлэхийг уриалж байна” гэсэн гарчигтай өргөдөл гаргасан. Өнөөдрийн байдлаар уг өргөдөлд 223 мянган хүн гарын үсэг зураад байна. Өргөдөл “200 мянгаас дээш хүний санал авсан байх” гэсэн шаардлагыг биелүүлсэн учраас Хөх ордон болон холбогдох яам хариу өгөх ёстой" гэжээ.  

Эх сурвалж: JTBC