Тээврийн хэрэгслийнхээ янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас өвс шатаж, хээрийн түймэр гарсан хэрэгт холболбогдсон иргэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Тодруулбал, З.М нь 2025 оны есдүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж, хээрийн түймэр гарсан байна. Улмаар 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол, нийт 136.8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн нэр бүхий иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар) яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.М-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөгийг болгон бууруулж гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.