10 жил дамнан баригдаж буй "Түлэнхийн төв"-ийн барилгын ажилд нийт 12 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна

10 жил дамнан баригдаж буй "Түлэнхийн төв"-ийн барилгын ажилд нийт 12 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна

Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан Түлэнхийн төвийн хоёр давхар барилгыг одоогоос арван жилийн өмнө буюу 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ашиглалтын шаардлага хангахгүй байна” гэдэг шалтгаанаар нураах шийдвэр гаргасан. Үүнээс хойш эрх баригчид цоо шинэ Түлэнхийн төвийг тун удахгүй “ашиглалтад оруулна” гэж амлалт өгсөөр аль хэдийн арван жилийн нүүрийг үзэв.

Энэ хугацаанд санхүүжилтийг захиран зарцуулах ашиг сонирхлын зөрчилдөөн, гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдал, газрын маргаан зэргээс болж барилгын ажил хойшилсон гэж холбогдох албаныхан тайлбарладаг. Ерөөс Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна гэх нэрийн дор жил бүр улсын төсөвт мөнгө суулгадаг нь энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Гэвч нөгөө талаар “Түлэнхийн төв”-ийн барилга эрх бүхий албан тушаалтнуудын “далд” мөнгө угаалтаа явуулдаг объект болсон уу гэдэг хардлага төрж байна.

-ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ БУЮУ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НД САНГИЙН ЯАМНААС ГҮЙЦЭТГЭГЧ “ЦАСТ КОНСТРАКШН” ХХК-РУУ 354 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Шинэ Түлэнхийн төвийн барилгын ажлыг 2013 онд Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар эхлүүлсэн байдаг. Төлөвлөгөө ёсоор 2018 онд ашиглалтад орох ёстой байв. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, салхивчны тоноглол, гадаах талбайн тохижилт л дутуу байгааг гүйцэтгэгч компаниуд хэлжээ. Тэгвэл 2013 оноос эхэлсэн барилгын ажилд өнөөг хүртэл хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна вэ. Он цагийн дарааллаар авч үзье.

  • 2012 он. Түлэнхийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн дээвэр нурсан тул барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн нураав.
  • 2013 он. Шинэ Түлэнхийн төвийн зураг төсөл, барилгын ажилд нийт 5.3 тэрбум төгрөгийг  төсөвлөв.
  • 2016 он. Түлэнхийн төвийн барилгын ажилд зориулан 2016 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн талаар Эрүүл мэнд спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Баярсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.  
  • 2020 он. Тус онд Түлэнхийн төв барих төсөлд 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ.
  • 2021 он. Сангийн яамны шилэн дансыг шүүж үзвээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Түлэнхийн төвийн барилгын ажлын санхүүжилтэд “Цаст констракшн” компанид 354 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Сангийн яамны 12 дугаар сарын Шилэн дансны гүйлгээ

Дээрхээс харахад шинэ Түлэнхийн төв барих ажил эхэлснээс хойш нийт улсын төсвөөс 12 тэрбум гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ.  

-АРВАН ЖИЛ ДАМНАН БАРИГДАЖ БУЙ ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН ТУХАЙ-

Шинэ Түлэнхийн төв нь долоон давхар, үндсэн гурван блокоос бүрдэх байв. А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллаж байна. Гэвч барилгын ажил ийнхүү арван жил дамнан удааширсан шалтгааныг ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас болсон гэж тайлбарладаг. Тодруулбал, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гүйцэтгэгч компаниуд  мөнгө хөрөнгө хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар ажлаа зогсоочихсон байна. Бидний зүгээс өдөр болгон барилгын ажил дээр очиж шахалт, шаардлага үзүүлээд явж байгаа. “Нутгийн зам” ХХК "салхивчны тоноглолыг хийлгэхээр туслан гүйцэтгэгч компанидаа 700 сая төгрөг өгчихсөн. Гэтэл тэр компани нь алга болчихсон" гэсэн тайлбар тавьдаг. Энэ бол тус компанийн дотоод зохион байгуулалтын ажил” гэжээ.

Түлэнхийн төвийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байна гэв

Харин “Нутгийн зам” ХХК “барилгын зураг төсөл өөрчлөгдсөн, санхүүжилт тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас ажил сунжирсан” гэж тайлбарласан байгаа юм. Мөн “Цаст” констрашн “Манай  компани 2014 оноос барилгаа барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан. Мөн моорог барих хэсэг буюу С блок өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэрэг асуудлаас шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 оны зургадугаар сарын сүүлээр санхүүжилт орж ирснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлсэн” гэжээ.

Гүйцэтгэгч компаниудын мэдээллийг шүүж үзвэл:

  • “Нутгийн зам” ХХК нь 2007 оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хатуу хучилттай зам барих, зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг бөгөөд С.Балдандорж гэх хүн эзэмшдэг аж.
  • “Цаст” констрашнХХК нь 2006 оны аравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажил, гадаад худалдаа, барилгын засварын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг. Н.Баярсайхан, Н.Баярцэцэг гэх хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байна.