С.Рагчаадорж: Иргэд цэргийн бүртгэлээ “Emongolia”-аар дамжуулан гар утаснаасаа хийх боломжтой боллоо

С.Рагчаадорж: Иргэд цэргийн бүртгэлээ “Emongolia”-аар дамжуулан гар утаснаасаа хийх боломжтой боллоо

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргаашаас буюу нэгдүгээр сарын 5-аас эхэлж буй. Тэгвэл иргэд цэргийн бүртгэлээ “Emongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд хандан хийх боломжтой болсон талаар Батлан хамгаалахын яамны холбогдох албан тушаалтнууд мэдээллээ.

Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж “Өнөөдрөөс “Emongolia” цахим үйлчилгээний төрийн нэгдсэн цонх Батлан хамгаалахын яаманд нээгдэж байна. Батлан хамгаалахын яамны цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэл. Цэргийн бүртгэлийг бид улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг бид Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтран өнөөдрөөс нээж байна. Өмнө нь цэргийн бүртгэлийг хийлгэхдээ иргэн бүр өөрийн биеэр харьяа хороо, сумынхаа тамгын газар очдог байсан. Тэгвэл өнөөдөр “Emongolia” аппликейшныг утас болон суурин компьютер дээрээ суулган гэрээсээ шууд бүртгүүлэх боломжтой болж байна. Цаашдаа Батлан хамгаалах төв архиваас авдаг алба хаасан тухай лавлагаа зэргийг “Emongolia”-аас авах боломжийг мөн бүрдүүлнэ” гэв.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа н.Ялалт “Нэгдүгээр сар дуустал цэргийн бүртгэл явагдана.  Хэрвээ тухайн иргэн интернетгүй орчинд байгаа нөхцөлд нийслэлийн үйлчилгээний зургаан цэгээр, 18 насанд хүрсэн иргэд хороон дээрээ очин бүртгэлээ хийлгэж, цэргийн үнэмлэхээ нээлгэнэ” гэв.

Мөн Мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтэн “Бид гурван янзаар хүсэлт илгээх боломжийг олгож байна. Нэгдүгээрт, “Emongolia” аппликейшныг гар утсандаа татан ашиглах, хоёрдугаарт, “Emongolia.mn портал сайтаар, гуравдугаарт 21 аймаг, нийслэл, 330 суманд байрлах төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой” гэв.