ЦЕГ: Гадаад иргэний дээрэмдүүлсэн гэх 1,1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан байна

ЦЕГ: Гадаад иргэний дээрэмдүүлсэн гэх 1,1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан байна

Өчигдөр /2022.01.03/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ривер гарден” хотхонд оршин суудаг гадаадын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ гэх хэрэг гарсан.

Иймд цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, 24 цагийн дотор хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтоож, баривчилсан байгаа юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлд, “Өчигдөр /2022.01.03/ 13:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Иймд бид шуурхай ажиллан тогтоож, хэрэг үйлдсэн дөрвөн этгээдүүдийг шалгаж байна. Одоогийн байдлаар 1,1 орчим тэрбум төгрөг дээрэмдсэн гэсэн ч 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан байгаа. Яг хэдэн төгрөг байсныг бид шалгаж байна. Хэрэв үнэхээр 1,1 тэрбум гаруй төгрөг байсан бол үлдсэн нь хаана байгааг олж тогтооно. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг гараад дөнгөж нэг хонож байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эд мөрийн баримтаар мөн нэг ширхэг буу хурааж авсан нь үнэн. Иймд иргэд их хэмжээний мөнгийг биедээ бэлэн авч явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.