Г.Дөлгөөн: Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрийн сангийн мөнгөнөөс 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна

Г.Дөлгөөн: Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрийн сангийн мөнгөнөөс 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна

Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий “Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан.

Харин Д.Сумъяабазар энэ талаар мэдэгдэл хийж, “Би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн” хэмээн Засгийн газрын индэр дээрээс ам гарч байв.

Тэгвэл шинэ оны босгон дээр, түүний банк улсын мөнгийг төлж барагдуулсан гэх сурталчилгааны чанартай мэдээлэл ч гарсан юм.

Тэгвэл өнөөдөр /2022.12.04/ болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд арванхоёрдугаар сарын эхээр төрийн 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Дараа нь Банкны ажлын хэсэг ажиллаж байхад 90 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Өнөөдрийн байдлаартөрийн хэчнээн төгрөг байна вэ. Түүнчлэн, Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулж байсан мөнгийг хаалгасан гэдэг мэдээлэл байна. Монголбанк яахаараа банкуудад, тэр тундаа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ. Төрөөс мөнгө аваад төрийн мөнгийг өгнө гэж байж болох уу. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй л адил ш дээ. Энэ дээр хариулт авъя” гэсэн юм.

Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээнд мөнгөн урсгалд нь өөрчлөлтүүд орж эхэлсэн. Пассив талдаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой эх үүсвэрийг мөнгийг төлж байна гэж ойлгосон. Төрийн сангийн мөнгүүд буурч явж байгаа нь үнэн. Одоо Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дээр төрийн сангийн мөнгөнөөс 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Төв банкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөгийг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Оны өмнө өгсөн. Ковидын үеийн нөхцөл байдлын үед аливаа банк тухайн нөхцөл байдлаас болж төлбөрийн чадваргүй болж, зохистой харилцаа алдагдахад Төв банкнаас тусламж үзүүлэх зорилгоор зээл олгоно гэсэн түр журмыг баталж хоёр жил орчим болж байна. Үүнийг хүрээнд нэг биш удаа тодорхой банкуудад дэмжлэг үзүүлж явсан” гэлээ.