Менежерээ хөнөөгөөд зооринд нуусан этгээдийг СХД-т байх зочид буудлаас баривчилжээ

Менежерээ хөнөөгөөд зооринд нуусан этгээдийг СХД-т байх зочид буудлаас баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. 

Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал мэдээлэл хийлээ. Тэрээр, “энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Ингээд Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сураггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон. 

Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн явуулахад махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан ажиллаж энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилж хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдлээ.