Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон цагдаа нарт шүүхээс ТОРГОХ ЯЛ оногдууллаа

2022-01-05 17:40

Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон цагдаа нарт шүүхээс ТОРГОХ ЯЛ оногдууллаа

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид бүлэглэн иргэн Д-д эзэнгүй 15 хэрэг тохож, хилсээр гүтгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт нь саяхан дуусч, шүүхэд шилжүүлж, хоёр өдрийн турш /2022.01.04-05/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн III хэлтсийн алба хаагчид болох шүүгдэгч Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

2022-01-05 10:17

Цагдаагийн алба хаагчид хуурамч нотлох баримт үйлдэн нэг иргэнд 15 гэмт хэрэг тохсон хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид бүлэглэн иргэн Д-д эзэнгүй хэрэг тохож, хилсээр гүтгэсэн байж болзошгүй хэрэг саяхан мөрдөн байцаалт нь дуусч, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар гэм зэмгүй иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт хонуулжээ. Ингэхдээ өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохож, бүлэглэн хуурамч нотлох баримт үйлдсэн аж.

Одоогоор иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь нотлогдсон бөгөөд яллагдагчаар татагдаад буй цагдаагийн алба хаагчдыг АТГ-аас шалгаж байгаа юм байна. Мөн тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзэх хүртэл ажлаа хийсээр байгаа талаар мэдээллээ. Өнөөдөр тус хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Ч, Г, Б нарыг Эрүүгийн хуулийн 21.1.2 болон мөн хуулийн 21.12.1-д заасан үндэслэлээр шүүж байгаа юм.

Эрүүгийн хуулийн: 

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

  • 2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах

  • 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

гэж заажээ.