ЦЕГ-ын police.gov.mn сайтыг “Бусдын нэр хүндэд халдсан” хэмээн шүүхэд ХАНДЖЭЭ

ЦЕГ-ын police.gov.mn сайтыг “Бусдын нэр хүндэд халдсан” хэмээн шүүхэд ХАНДЖЭЭ

Сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл их гардаг болоод байна. Тухайлбал, өчигдөр /2022.01.05/ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гурван алба хаагч хуурамч нотлох баримт ашиглаж, нэг иргэнд 15 хэрэг тохсон гэх асуудал анхан шатны шүүхээр орж, тэд торгох ял авсан.

Тэгвэл өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр зарим сайтуудаар “Дундговь аймаг цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” гэсэн гарчигтай мэдээлэл түгж, доторх агуулга нь “Түүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлсөн” гэсэн агуулга бүхий мэдээ гарсан аж. Харин тус мэдээлэл цацагдсан даруйд тухайн үед Дундговь аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан иргэн Г нь тэрхүү мэдээллийг цацсан гэх Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын www.police.gov.mn сайтад нэхэмжлэл гаргасан байна.

-WWW.POLICE.GOV.MN САЙТ МИНИЙ НЭР ТӨРД ХАЛДСАН ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭ ТАРААСАН ХЭМЭЭН ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

Тэрбээр, “Миний бие Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байхад 2018 оны 3 дугаар сард ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс нь хяналт шалгалт явуулахдаа ЦЕГ-аас хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн. Уг шалгалтын үр дүнгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын мөрдөгч нар шалгаж, гэм буруугүй гэдгийг тогтоож хэргийг хаасан байсан” гэжээ.

Иймд тэрбээр “ЦЕГ-ын дарга намайг цагдаагийн албанаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал шийдвэр, эрхийн акт гараагүй байхад тус газрын харьяа www.police.gov.mn сайт миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээ мэдээллийг тараасан гэж үзэж байна” хэмээн шүүхэд ханджээ.

Тус мэдээлэл анх ЦЕГ-ын харьяа сайт дээр тавигдсан тул зарим сайтууд болох www.undesten.mn, www.arslan.mn, www.ontslokh.mn, www.jirgee.mn,www.news.mn зэрэг сайтууд тус мэдээллийг албаны эх сурвалжтай хэмээн нийтэлсэн байна. Иймд тус мэдээллийг нийтэлсэн сайтууд ч шүүхэд дуудагдсан мэдүүлэг өгсөн аж. Бүгд эх сурвалжаа дээрх www.police.gov.mn сайт мөн болохыг заасан бөгөөд харин нэхэмжлэгч иргэн Г нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, мэдээлэл тархсан хэлбэрээр уучлалт хүсэн, няцаалт, залруулга хийхийг хариуцагч нарт  даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байгаа юм.

Сүүлд гэхэд 2020 оны гуравдугаар сард Г-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “тус зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад “бүрэн бус мэдээллийг тараасан” гэж  дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ. Иймд өнөөдөр /2022.01.06/ энэхүү асуудал Улсын Дээд шүүхийн хяналтын хурлаар хэлэлцэгдэх ажээ.