СУДАЛГАА: Вакцины ДӨРӨВ ДЭХ ТУН эсрэг биеийн хэмжээг богино хугацаанд ТАВ дахин нэмэгдүүлдэг нь туршилтаар батлагдаж байна

СУДАЛГАА: Вакцины ДӨРӨВ ДЭХ ТУН эсрэг биеийн хэмжээг богино хугацаанд ТАВ дахин нэмэгдүүлдэг нь туршилтаар батлагдаж байна

Дэлхийн 120 гаруй оронд бүртгэгдээд буй коронавирусийн Омикрон хувилбар манай улсад тархах эрсдэл байгаа учир иргэд сайн дурын үндсэн дээр вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой талаар өчигдөр/2021.01.05/ Эрүүл мэндийн яамны сайд мэдэгдсэн. Гурав дахь тундаа дөнгөж хамрагдаад байсан иргэд ийнхүү дахин вакцин хийлгэх талаар сонсоод айж, гайхахын зэрэгцээ маш олон асуултыг нийгмийн сүлжээнд бичиж байна.

Тиймээс бид энэ удаад вакцины дөрөв дэх тунг яагаад хийлгэх ёстой, цаашид дахин тав, зургаа тун гэж байх эсэх, дөрөв дэх тунг хийлгэснээр халдвараас хамгаалагдаж чадах эсэх гэж мэт асуултад хариулах олон улсын сүүлийн үеийн судалгаануудыг хүргэж байна.

-ОМИКРОН ХУВИЛБАРЫН УЛМААС ВАКЦИНЫ ДӨРӨВ ДЭХ ТУНГ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН-

Коронавирус бидний биеийн бүхий л эсэд халдварлах чадвартай хоруу чанар өндөртэй вирус. Вирус болгон өөрийн бай, рецептортой холбогдож, өвчин эмгэг үүсгэдэг байна. Харин коронавирусийн очиж холбогддог “рецептор” гэж нэрлээд байгаа бүтэц нь цусны судасны эндотелийн эс гэх мэт бидний биеийн бүх эсүүдэд байдаг аж. Маш олон эсийн бодисын солилцоо болон үйл ажиллагаанд нөлөөлдөг рецептортой коронавирус очиж холбогдон, нэвтэрч ордог учир дайралтад нь өртөхгүй үлдэх эс гэж бараг байхгүй. Тиймээс л вакциныг дэлхий даяар хэрэглэж буй.   

Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх байтагуй гурав дахь тунд ч албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй байна. Учир нь ядуу буурай зарим орны иргэд эхний тунгаа ч хийлгээгүй байгаа энэ үед вакцины нэмэлт тун гэж ярих нь шударга бус бөгөөд хүртээмжгүй байдлыг бий болгоно гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Гэвч вакцины хоёр тунгийн үр дүнд үүссэн дархлаа цаг хугацаа өнгөрөх тусам буурдаг нь судалгаагаар нотлогдсон тул нэмэлт тунг хийх нь зүй ёсны хэрэг хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна.

Өмнө нь “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдээлэл хийхдээ вакцины гурав дахь тунгаас 12 сарын дараа дөрөв дэх тунг хийлгэх шаардлагатай болно гэж байв. Гэвч өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр халдварлах чадвар өндөр коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхий нийтийг түгшээж эхэлсэн.  Иймээс Альберт Бурла CNBC-ийн нэвтрүүлэгт орохдоо “шинэ хувилбар гарч, гэнэтийн нөхцөл байдал үүссэн учраас вакцины дөрөв дэх тун хийх хугацааг наашлуулахаас өөр аргагүй боллоо” хэмээн мэдэгджээ.

"Pfizer"-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла

Мөн Pfizer-ийн бусад эрдэмтэн ч “Омикроны улмаас вакцины дөрөв дэх тунг хүлээгдэж байсан хугацаанаас эрт хийх шаардлагатай болж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл вакцины дөрөв дэх тунг хийлгэснээр хүний биед ямар нэгэн гаж нөлөө илрэх үү, мөн дархлааны түвшин хэр хэмжээнд нэмэгдэх вэ. Одоогоор Израиль улс 60-аас дээш насны өндөр настнууд, эрүүл мэндийн ажилтнууд, архаг суурь өвчтэй зэрэг нийгмийн эмзэг бүлгийн иргэдээ дөрөв дэх тунгаар дархлаажуулж эхлээд байна. Тус улсын эрх баригчид эхэндээ зөвхөн дархлаа нь дарангуйлагдсан иргэдэд дөрөв дэх тунг санал болгож байв. Гэвч өнгөрсөн ням гарагт  60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудад хийх шийдвэрийг эрх баригчид нь гаргасан юм. Өнгөрсөн онд Израил вакцины нэмэлт тунг/гурав дахь тун/ тарьж эхэлсэн мөн л анхны орон болж, бусад улс орон ч Израилийн жишгийг дагасан. Израилиас гадна Герман, Их Британи улсууд вакцины дөрөв дэх тунгийн судалгаагаа эхлүүлээд байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв дархлааны хомстолтой хүмүүст дөрөв дэх тун хийх зөвлөмж гаргаад байна. Цагаан Ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх доктор Энтони Фаучи АНУ-д ч дөрөв дэх удаагаа вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдэв.

-ВАКЦИНЫ ДӨРӨВ ДЭХ ТУН БОГИНО ХУГАЦААНД ЭСРЭГБИЕИЙН ХЭМЖЭЭГ ХЭД ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ЭХЭН ҮЕИЙН СУДАЛГААНУУДААР ТОГТООГДОВ-

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт өнгөрсөн мягмар гараг/2022.01.04/-т Шеба эмнэлгийн эрдэмтдийн хийсэн дөрөв дэх тунгийн судалгааны урьдчилсан дүнгээс иш татан мэдээлэл хийсэн нь олон улсын хэвлэлийн гол сэдэв болсон. Тэрбээр эрдэмтдийн судалгааг иш татан вакцины дөрөв дэх тунг хийлгэснээс долоо хоногийн дараа эсрэгбиеийн хэмжээ тав дахин нэмэгдэж байгааг онцолсон байна. Хамгийн гол нь вакцины дөрөв дэх тунг хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг хэд дахин бууруулж байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Томоохон судалгааны хүрээлэнтэй Шеба эмнэлгийн туршилтын үр дүнг дэлгэрүүлэн авч үзье. Өнгөрсөн 12 дугаар сард тус эмнэлгийн эрдэмтэд вакцины гурав дахь тунг хийснээс таван сарын дараа эсрэг биетийн хэмжээ эрс буурсан 150 эмч, сувилагч нарт “Pfizer” вакцины дөрөв дэх тунг хийсэн байна. Ингэхэд долоо хоногийн дараа эсрэгбиеийн хэмжээ тав дахин нэмэгдсэн байжээ. Тус эмнэлгийн эрдэмтэд тун удахгүй Модерна вакцины дөрөв дэх тунг турших гэж байгаа аж. Дөрөв дэх тунд хамрагдсан сайн дурынханд энгийн гаж нөлөө илэрсэн талаар судалгаанд мөн дурджээ. Тодруулбал, вакцин хийлгэсний дараа илэрч болох халуурах, тариулсан хэсэгт өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байжээ.

Вакцин үйлдвэрлэгч “Pfizer” компани ч мөн дөрөв дэх тунгийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, “хоёр тунг хийлгэснээс хэсэг хугацааны дараа дархлааны түвшин мэдэгдэхүйц буурдаг. Энэ хэмжээний дархлаа Омикрон хувилбараас хамгаалж чадахгүй. Тиймээс дөрөв дэх тунг хийх нь Омикроны эсрэг найдвартай хамгаалалтыг бий болгож, хүнд өвчлөх магадлалыг хэд дахин бууруулна” гэжээ.

Тэгвэл дөрөв дэх тунгаар ямар вакцин хийлгэх вэ. Одоогоор дөрөв тунгийн дархлаажуулалтаа эхлүүлээд буй Израиль улс “Pfizer”-ийн вакциныг ашиглаж байна. Тус улсын вакцин хийлгэсэн нийт хүн амын дийлэнх нь “Pfizer”-ийн вакциныг хийлгэсэн. Дээр дурдсанчлан тун удахгүй мөн “Moderna” компанийн вакциныг дөрөв дэх тунгийн дархлаажуулалтад турших гэж байна. АНУ-ын хувьд мөн “Pfizer” компанийн вакциныг дөрөв дэх тунгаар санал болгож байна. Гэхдээ зохицуулагч байгууллагууд нийт хүн амд дөрөв дэх тунг зөвшөөрвөл “Moderna”-ийн вакциныг мөн ашиглах төлөвтэй байна хэмээн шинжээчид үзжээ.

Тэгвэл цаашид коронавирусийн дөрөв, тав дахь тунг хийлгэх шаардлага үүсэх үү. Үүнийг эрдэмтэд 100 хувь цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал, цаашид илүү аюултай шинэ мутаци гарч ирэхээс хамааран вакцины тав, зургаа дахь тунг хийлгэх эсэх нь шийдэгдэх аж. Мөн зарим эрдэмтэн коронавирусийн эсрэг вакцин ирээдүйд энгийн товлолт вакцин болно гэсэн байр суурийг илэрхийлдэг.

Эх сурвалж: FDA, TheWashingtonPost, Guardian, CDC