М.Ганбаатар: Галыг бүрэн унтрааж дууссан бөгөөд нөөцөд байсан шугамыг ашиглах тул түлш тасалдахгүй

М.Ганбаатар: Галыг бүрэн унтрааж дууссан бөгөөд нөөцөд байсан шугамыг ашиглах тул түлш тасалдахгүй

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарч, "гурван барилга шатаж" байна гэх дуудлага өнөөдөр 05:06 цагт НОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Нөхцөл байдлын талаар Тавантолгой ХХК-ийн захирал М.Ганбаатар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Эдгээрийн нэгдүгээр үйлдвэрт нь үүрийн 04:00 цагт хатаах шугаманд гал эхэлж гарсан байгаа. Нэгдүгээр үйлдвэр үндсэн гурван шугамтай. Үүний нэгдүгээр шугамд гал авалзсан байдалтай байна. Онцгой байдлын албан хаагчид 06:30 цагт галыг бүрэн унтрааж дууссан. Гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллахгүй болж байна. Тиймээс зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөд байсан шугамыг ашиглаж, түлш тасалдуулахгүй нөхөж ажиллана.

Нэг шугам өдөрт 150 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Зүүн, баруун үйлдвэр өдөрт 3000-3600 тонн шахмал түлш нийлүүлж байна.

Зүүн бүсийн үйлдвэрт нөөц ажилтан ажиллуулахаар бэлтгэсэн байгаа. Манай компани шатах бодис үйлдвэрлэдэг учир эрсдэлийн зэрэг өндөр. Хатаах шугамаар буюу 180 хэмийн температурт шахмал түлшийг хатаадаг. Тус шугамд багахан өөрчлөлт ороход уугих болон асах эрсдэлтэй. Тиймээс гурван машин 25 хүний бүрэлдэхүүнтэй галын анги манайд ажилладаг. Өнөөдөр түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. ОБЕГ болон цагдаагийн бие бүрэлдэхүүн үзлэг хийж, галын шалтгааныг тогтооно” гэв.