ФОТО: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, цагдаа хамгаалалтад авчээ

ФОТО: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, цагдаа хамгаалалтад авчээ

Өнөөдөр /2022.01.06/ өглөө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид очин ажиллаж, 06:30 цагт галыг бүрэн унтраасан юм.

Бид 13:00 цагийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилахаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт очлоо. Биднийг очиход тодорхой бүсээс цааш хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэвтрэхийг хориглож, цагдаа нар хамгаалалтад авсан байлаа. Тавантолгой ХХК-ийн захирал М.Ганбаатар “Баруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Эдгээрийн нэгдүгээр үйлдвэрт нь үүрийн 04:00 цагт хатаах шугаманд гал эхэлж гарсан байгаа. Нэгдүгээр үйлдвэр үндсэн гурван шугамтай. Гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллахгүй болж байна. Тиймээс зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөд байсан шугамыг ашиглаж, түлш тасалдуулахгүй нөхөж ажиллана” гэв.