Казахстанд болж буй үйл явдал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, Засгийн газраа огцруулсан ч эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байгааг гадаадын хэвлэлүүд онцолж буй.
Казахстанд манай улсын 4 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Иймд бид бодит нөхцөл байдал ямар байгаа талаар тус улсад суурьшсан Монгол иргэн М.Бауржантай ярилцлаа. Эмх замбараагүй байдлын улмаас тус улсад интернет сүлжээ тасарсан тул бид утсаар холбогдон ярилцсан юм.
-АРД ТҮМНИЙХ НЬ ЗОВЛОН 30 ЖИЛИЙН ТУРШ ХУРИМТЛАГДСААР ЭЦЭСТЭЭ ХҮРЧ, ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ БОЛСОН УЧРААС БОСЛОГО ГАРГАСАН-
ВИДЕО:
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигч өөрийгөө тодорхой хэмжээнд танилцуулахгүй юу. Казахстан улсад очоод хэр хугацаа өнгөрч байна?
-Сайн. Сайн байна уу. Монгол ахан дүүсдээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Муратбекийн Бауржан гэдэг. Миний бие 15 настайдаа буюу 1992 анх Казахстанд ирсэн. Түүнээс хойш энд суурьшин ажиллаж, амьдарч байна. 1991 онд маш олон Монгол иргэн таван жилийн ажлын гэрээгээр Казахстанд ирсэн шүү дээ. Энэ үед би аавтайгаа хамт ирсэн юм. Би Эрдэнэт төрж, өссөн.
-Одоо Казахстаны аль хотод амьдарч байна вэ?
-Алматы хотод амьдарч байна. Алматы бол бослого тэмцэл болж буй гол хотуудын нэг.
-Казахстаны үйл явдал сүүлийн хэдэн хоногт олон улсын анхаарлын төвд ороод байна. Одоо нөхцөл байдал яг ямар байна вэ. Та гадуур гарсан уу?
-Гаралгүй яахав. Би жагсаалд өөрийн биеэр ч оролцсон. Нөхцөл байдал маш хүнд байна. Ямар ч интернет сүлжээ байхгүй, тэр ч байтугай зурагт хүртэл гарахаа больсон. Уг нь VPN ашиглан интернет орох боломжтой шүү дээ. Гэтэл энд VPN асаагаад ч ямар ч байдлаар интернет сүлжээнд холбогдож чадахгүй байна. Анх удаа ийм сонин зүйл болж байна. Бусад хотод юу болж байгааг үнэхээр мэдэх зүйл алга. Интернет битгий хэл утасны сүлжээ ч муухан орж байна. Гэхдээ өөр хотод амьдардаг хоёр, гурван найзтайгаа ярихад нөхцөл байдал харьцангуй тайван байна гэж хэлсэн.
-Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр автомашины зориулалттай шингэрүүлсэн хийн үнэ огцом нэмэгдсэнийг эсэргүүцэн Казахстанчууд жагсаж байна гэж тайлбарлаж байна. Үнэхээр жагсаал, цуглаан хийх болсон гол шалтгаан нь энэ байв уу?
-Шингэрүүлсэн газны үнэ өссөнийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан нь үнэн. Гэхдээ үүний цаана нь маш олон шалтгаан бий. Казахстаны ард түмэн ядарч, туйлдан нийгмийн байдал нь тун хүнд болсон. Ард түмнийх нь зовлон 30 жил хуримтлагдсаар эцэстээ хүрч, тэвчихийн аргагүй болсон учраас бослого гаргасан юм болов уу. Уг нь Засгийн газраас шинэ жилийн дараа иргэдийн цалинг 5 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Гэтэл бүх түүхий эдийн үнэ 50-100 хувь нэмэгдчихсэн. Энэ бүхний эцэст туйлдаж, ядарсан иргэд бослого гаргасан.
-Жагсаалын хоёр дахь өдөр Казахстаны Засгийн газар огцорсон шүү дээ. Гэтэл нөхцөл байдал хурцадмал хэвээр, жагсаал үргэлжилсээр байсан. Ер нь Казахстаны ард түмэн энэ эсэргүүцэл тэмцлээрээ юунд хүрэхийг зорьж байгаа юм бэ?
-Ард түмний цаад зорилго бол парламентын засаглалтай болох. Хүн бүр тэгш эрх эдэлдэг, хүн бүр үзэл бодлоо хэнээс ч айлгүйгээр илэрхийлж чадахуйц тийм эрх чөлөөний төлөө тэмцэж байна.
Мэдээж нөгөө талаар өөрсдийн аж, амьдралаа дээшлүүлэхийг ч мөн хүсэж байгаа.
-ГАДААДЫН ХЭВЛЭЛҮҮДИЙН МЭДЭЭЛЖ БАЙГАА ШИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДЭЛГҮҮРИЙГ ТОНОЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН АСУУДАЛ ЕРӨӨСӨӨ ГАРААГҮЙ. ЭНЭ БОЛ ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ-
-Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жагсагчид автомашин шатааж буй нэлээдгүй бичлэг цацагдсан. Мөн дэлгүүр, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэж байна, жагсаалын үеэр хүний амь эрсдэлээ гэсэн мэдээллүүд сонсогдох боллоо. Үнэхээр ийм явдал болж байгаа хэрэг үү?
-Олон улсын хэвлэлүүдээр хохирлыг хамгийн бага хэмжээгээр мэдээлж байгаа. Тухайлбал, хоёр энгийн иргэн амь эрсдэлээ гэж мэдээллээ гэхэд бодит байдал дээр таван хүн нас барсан байх жишээтэй. Дэлхий даяар тарж байгаа мэдээлэл учраас цензур тавьдаг байх. Өчигдөр гудамжаар явахад л замд 20 гаруй автомашин шатсан байдалтай, олон хүн гэмтэж бэртсэн байсан. Гэхдээ жагсагчид хэзээ ч энгийн иргэдийн дэлгүүрүүдийг тонон дээрэмдээгүй. Бүлэг жагсагч Назарбаевын эзэмшдэг дэлгүүрүүдийг л тоносон. Харин гадаадын хэвлэлүүдийн мэдээлж байгаа шиг энгийн бизнес эрхлэгчдийн дэлгүүрийг тонож, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн асуудал ерөөсөө гараагүй. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Жагсагчид нэг ч хүний автомашиныг шатаагаагүй. Яагаад гэвэл энгийн иргэдийн өөрсдийнх нь өмч шүү дээ. Харин цагдаагийн албан хаагчийн автомашиныг шатаасан хэрэг гарсан.
-Ер нь цагдаа нар яаж ажиллаж байна. Жагсаалыг тараахын тулд эхний өдрүүдэд нулимс асгаруулагч хий зэргийг ашиглаж байна гэсэн мэдээ харсан юм?
-Цагдаа нарын бараг ихэнх хувь нь иргэдийнхээ талд орчихсон. Цагдаа нар эхний өдрөөс л гудамжинд явж чадахаа байсан. Учир нь жагсагчид бүх замыг хаачихсан байгаа. Хэрэв замд таарвал жагсагчид “Ардын талд орох уу, аль эсвэл бидний эсрэг зогсох уу” гэж асууна. Цагдаа нарын ихэнх нь ардын талд орж байгаа. Постуудад ч ямар ч цагдаа байхгүй. Засгийн газрын ордны хамгаалалт дээр л цагдаа нар байгаа байх.
-Эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-Тийм. Төв замуудаар иргэдээс бүрдсэн хамгаалалт гарсан байгаа. Явж байгаа автомашин бүрийг шалгадаг. Хэрэв түргэн тусламжийг энгийн иргэн дуудсан байвал ямар ч асуудалгүй шууд явуулна. Автомашинуудыг шалгах болсон шалтгаан нь өмнө нь цагдаа нар энгийн хувцас өмсчхөөд түргэн тусламжийн машин дотор сууж яваад баригдсан. Тиймээс жагсагчид тэр машиныг шатаачихсан. Гэхдээ энгийн иргэний машиныг шатаасан тохиолдол байхгүй.
-Хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа юу. Та хүнсээ яаж цуглуулж байна?
-Орон сууцнуудын доод давхарт байрлах дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа. Харин томоохон сүлжээ дэлгүүрүүд хаалгаа барьсан. Ихэвчлэн Назарбаевын хүргэн, бэр гэх мэт хамаатан саднуудын эзэмшдэг дэлгүүрүүд хаасан. Энгийн иргэний эзэмшдэг дэлгүүрүүдэд хэн ч халдаж болохгүй гэсэн зарчмыг жагсагчид хатуу баримталдаг.
-ОХУ-аас энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээсэн гэсэн. Энэ талаар та хэр мэдээлэлтэй байна?
-Тийм ээ. Энэ талаар мэдсэн. Гэхдээ онгоц нь яг хаана буусныг хүмүүс мэдэхгүй байна. Цэргүүд хаагуур яаж орж ирснийг нь хэн ч мэдэхгүй байгаа. Хэрэв онгоцоор ирсэн бол буудал дээр ирэхэд нь хүмүүс мэднэ шүү дээ. Энэ бослогыг Оросууд шашны үйл ажиллагаатай холбож байна. Яг үнэндээ бослого шашинтай ямар ч холбоогүй гэж иргэд нь тайлбарлаж байгаа.
-ЖАГСАГЧИД ИРЭЭДҮЙД АРД ТҮМЭН НЬ ӨӨРСДӨӨ БАЯЛГАА ЭЗЭМШИЖ, АМЬЖИРГАА НЬ ДОР ХАЯЖ 50 ХУВИАР ДЭЭШИЛНЭ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙГАА-
-Та 1992 оноос хойш Казахстанд амьдарч байна. Таныг байх хугацаанд энэ хэмжээний бослого тэмцэл болж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн гурав болон зургадугаар сард иргэд мөн л эсэргүүцлийн жагсаал хийсэн. Гэхдээ эрх баригчид жагсаал болгоны араас ард иргэдийг маш хурдан ухуулдаг. Тухайлбал, газны үнэ нэмэгдсэн байна гэвэл “Бид нар маш хурдан хугацаанд бууруулна” гэдэг. Гэвч амлалтдаа хүрдэггүй. 10 жилийн өмнө бас маш хүчтэй эсэргүүцлийн жагсаал болсон. Олон улсын хэвлэлүүдээр 20 гаруй хүн нас барсан гэдэг ч иргэд нь 100 гаруй хүн амиа алдсан гэж ярьдаг.
-Ер нь Казахстан хэр эрх чөлөөтэй орон юм бэ?
-Эрх баригчдыг шүүмжилж, шударга үнэнийг хэлсэн хүн тэр дороо шийтгэгдэнэ. Хэл амгүй ажлаа хийгээд, элдэв зүйл ярихгүй байвал ямар нэгэн айдасгүйгээр амьдарч болно. Харин шударга үнэний талд зогссон хүн амьдрахад хэцүү. Тухайлбал, Алматы хотын дарга асан Назарбаевын эсрэг зоригтой дуугарч чадсан. Гэвч удалгүй түүнийг гурван удаа буудуулж нас барсан байдалтай олсон. Толгой, зүрх, цээжин тусаа гурван удаа буудуулж нас барсан байхад цагдаа нар “өөрийгөө буудсан” гэж тодорхойлсон. Өөрийгөө гурван удаа буудаж, амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Энэ мэт хэргийн улмаас ард иргэд нь шударга үнэний талаар ярьж чадахгүй болсон. “Назарбаев сайн ажиллаж байна” гэж худал хэлэхээс өөр аргагүй болдог.
-Цаашдаа иргэдийн тэмцэл хэрхэн өрнөнө гэж харж байна?
-Казахстан бол маш их баялагтай орон. Нефть байна, уран байна. Гэвч тэр их баялгийг ганц хүн л эзэмшээд байгаа юм. Ард түмэн нь ядуурч, дээдчүүл нь баяжаад байдаг. Жагсагчид ирээдүйд ард түмэн баялгаа эзэмшиж амьжиргаа нь дор хаяж 50 хувь сайжирна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Энэ бослого тэмцэл ч хэдхэн өдөр үргэлжлээд дуусчихгүй байх.
-Казахстанд 4 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдардаг талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Та Монголчуудтайгаа холбоо барьж чадав уу?
-Өчигдөр хагас цаг гаруй интернет сүлжээ буцаад ирсэн. Энэ хугацаанд Монгол найзууд маань холбогдож их санаа зовсноо хэлж байлаа. Энд байгаа Монголчуудтайгаа удаан ярилцаж чадаагүй. Богино хугацааны дараа сүлжээ дахиад тасарчихсан.
-Энх тайван байдал, эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг бид сүүлийн хэдэн өдөр Казахстаны жишээн дээрээс харж байлаа. Та Казахстанд амьдарч буй, энэ жагсаал, үймээнийг өөрийн нүдээр харж буй хүний хувьд Монголчууддаа хандан юу гэж хэлмээр байна?
-Монгол ах дүү нартаа хандаж хэлэхэд өөрсдийн эрх чөлөө, ардчиллын үнэ цэнээ мэдэрч, эрхэмлэн дээдэлж яваарай гэж хэлмээр байна. Өнөөдөр дайн дажингүй энх цагт амьдарч байгаа нь маш том ололт юм шүү. Гаднын нөлөөнд автахгүй, өөрсдөө бие дааж тусгаар тогтнолоо маш сайн хамгаалаарай. Сайн сайхан бүхнийг Монгол ах дүү нартаа хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.