“Монцамэ” агентлагийг ЕТГ-т шилжүүлснээр “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэлтэй байхыг хориглоно” гэсэн хуулийг зөрчих үү

“Монцамэ” агентлагийг ЕТГ-т шилжүүлснээр “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэлтэй байхыг хориглоно” гэсэн хуулийг зөрчих үү

Он солигдох мөчид /2021.12.31/ хуралдсан Засгийн хуралдаанаар Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газарт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

МОНЦАМЭ агентлаг нь Монгол улсын үндэсний мэдээллийн төв байгууллага юм. Тус агентлагийг 1921 онд байгуулагдсан, Ази тивийн ууган агентлагуудын нэг гэдэг. Өдгөө орон даяар өөрийн сурвалжлагч нарыг ажиллуулан тогтмол мэдээ хүлээн авдаг Монголын цорын ганц мэдээллийн байгууллага юм. Улсын төсвөөс санхүүждэг боловч Засгийн газар болон бусад аливаа төрийн институцид одоогоор албан ёсоор харьяалагддаггүй. МОНЦАМЭ гэдэг нь Монголын цахилгаан мэдээ гэсэн үгийн товчлол юм.

-ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШИЛЖҮҮЛЭЛТЭД МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ТОМИЛОХ ТАЛААР ЯРИГДАЖ БАЙНА-

Тэгвэл нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан тул МОНЦАМЭ агентлагийг дарга МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг ажлаа өгөхөөр болж байгаа аж. Түүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг МОНЦАМЭ агентлагийн захирлаар томилохоор төлөвлөж байгаа гэх мэдээлэл гараад байна. Гэтэл Г.Амартүвшин нь мэргэжлийн бус нэгэн байгаа юм. Тодруулбал, тэрээр 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

Харин одоо мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 4 дүгээр зүйлд,Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заажээ. Хуулийн ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд энэ хуулийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгчийн Тамгын Газар хууль зөрчиж магадгүй болоод байна.

Учир нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасантай холбоотойгоор Монцамэ агентлагийн статус хараахан тодорхойгүй явж ирсэн гэдэг.

Сонирхуулахад, тус хуулийн 3.2-д “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заажээ. Гэтэл өдгөө Ковидын хууль 9.13 зэрэг зарим хуулийн зүйл заалтууд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуультай ноцтой зөрчилдөж эхлээд байгаа юм.