ХУУЛЬ: Хогийн шүүрээр цохисон, Сандал, утас шидсэн зэрэг хэргүүд шүүхээр шийдвэрлэгджээ

ХУУЛЬ: Хогийн шүүрээр цохисон, Сандал, утас шидсэн зэрэг хэргүүд шүүхээр шийдвэрлэгджээ

Иргэдийн дунд ялихгүй асуудлаас болж хоорондоо маргалдаж улмаар нэгнийхээ биед хохирол учруулахгүйгээр халдсан ч хуулийн хариуцлага хүлээдэг тогтолцоо бий. Энэ бүрийг иргэд сайн мэдэхгүйгээс болж хохирч үлдэх тохиолдол цөөнгүй. Иймд бид санамсар болгоомжгүй жижигхэн маргаанаас болж хуулийн хариуцлага хүлээсэн хэд хэдэн хачирхалтай жишээг түүвэрлэн хүргэж байна.

Манай улсад зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д зааснаар “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг бол харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх мэт заалтаар шийтгэл оногдуулдаг байна.

ЖИШЭЭ НЭГ:

  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эхнэр нөхөр болох иргэн А, С нар ковид тусаад удаагүй байх хугацаанд нөхөр нь нус цэрээ хамаагүй хаясанд эхнэр С нь “Нус цэрээ хамаагүй хаялаа. Заваан юм” гэж хэлснээр маргалдаж, улмаар нөхөр А эхнэрээ хогийн шүүрээр цохиж хөнгөн бэртэл учруулсан байна. Тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсгээр шийдвэрлэж 500 мянган төгрөгөөр торгосон аж.

ЖИШЭЭ ХОЁР:

  • СХД. 2021 он. Иргэн М нь бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин 13 настай Н-ийг “Аавынхаа өөдөөс том дуугарлаа” гэх шалтгаанаар толгой руу нь хэд хэдэн цохисон байна. Охин болох Н нь тухайн үед аавыгаа архи уусан байсанд уурлаж, “Ээж удахгүй ирнэ. Ямар ядаргаатай юм бэ. Сонссоныг чинь хэллээ” гэсэн аж. Мөн тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсгээр шийдвэрлэжээ.

ЖИШЭЭ ГУРАВ:

  • Хоорондоо үерхэж байсан залуу хосууд болох иргэн Б, Г нар нь “гар утсаар минь зөвшөөрөлгүй оролдлоо” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан байна.  Тухайн үед найз охин болох Г нь орон дээр хэвтэж байх үед найз залуу Б уурлан “май утсаа ав” гэж хэлээд шидэхэд дух нь шалбарч овойж хавдсан байна. Иймд тус хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

ЖИШЭЭ ДӨРӨВ:

  • БЗД. 2021 он 9 сар. Иргэн Г төрсөн өдрөө тэмдэглэн гэртээ найзтайгаа тэмдэглэж байх үеэр найз нь “тамхины үнсээ хулдаасан дээр хаясан” шалтгаанаар маргалдсан байна. Тэрбээр найздаа хандаж “чи наад ундааны саван дээрээ хаячих” гэснээр маргалдаж ноцолдсоноор шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

ЖИШЭЭ ТАВ:

  • Иргэн Г нь өнгөрсөн оны аравдугаар сард бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүрэг дэх гэртээ өөрийн дагавар хүү болох 8 настай Ц-г “гэрээ цэвэрлээгүй байна, будаа агшаагаагүй байна” гэх шалтгаанаар түүнийг будаа агшаагчны залгуураар ороолгосон байна. Иймд түүнийг “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт” холбогдуулж шалгажээ.

ЖИШЭЭ ЗУРГАА:

  • Эхнэр нөхөр болох иргэн Б, Н нар хүүхдийнхээ каашийг өглөө буцалгаж өгсөнгүй хэмээн маргалдаж байх хугацаандаа эхнэр нь хүүдээ хандан  “чи аавтайгаа үлдэж хэрэггүй, ээжтэйгээ хамт яв. Аав чинь чамд хайргүй” гэх мэтээр хэлсэн тул нөхөр нь уурлаж ширээ өшиглөн, хажууд нь байсан модон сандал аваад эхнэрийн сууж байсан ор руу шидтэл уг сандлаас эхнэр нь бултсан ч чихний араас нь цус гарч эхэлсэн байна. Иймд эхнэр нь мөн уурлаж цагдаагийн байгууллагад мэдэгдэж шүүхээр шийдвэрлэсэн аж.

ЖИШЭЭ ДОЛОО:

  • Иргэн Б, Ц, Ж нар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв дотор “Захиалсан бараа ирээгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ж-ийн толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.