Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг нэг удаад ТӨР ДААНА

Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг нэг удаад ТӨР ДААНА

Энэ сарын 6-ны өдөр Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Тэгвэл уг тогтоолын төсөлд “6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэсэн заалт багтжээ. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл батлагдвал 6 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрөө төрөөр даалгах юм. Тогтоолын төслийн бусад онцлох заалтаас хүргэж байна.

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар Монгол хүний оюуны чадавхи, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

  • Монгол Улсын оршин тогтнохуйн нэгэн тулгуур үндэс болох Монгол хүний удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг 2024 оноос өмнө орон даяар зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох судалгаа, мэдээлэлд тулгуурлан өрхийн удмын овгийн нэршлийг шинжлэх ухааны үндэстэйгээр дахин шинэчлэх арга хэмжээг авах,
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
  • Эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэлзүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдаж, эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 7-14 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх
  • Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх.

Тогтоолын төслийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.