Ц.Магалжав: “Барилдах эрхийг нь найман жил хассандаа тайлбар ирүүл” гэж Э.Оюунболд арслан МҮБХ-г шүүхэд өгсөн 

Ц.Магалжав: “Барилдах эрхийг нь найман жил хассандаа тайлбар ирүүл” гэж Э.Оюунболд арслан МҮБХ-г шүүхэд өгсөн 

Өнгөрсөн 12 дугаар сарын 06-ны өдөр Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал болж, давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Тэгвэл өчигдөр/2022.01.08/ болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралдааны үеэр тус холбооны тэргүүн Ц.Магалжав уг асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Бидний гаргасан шийдвэрт буруу зүйл гэж огт байхгүй. Бид өөрсдийн баталсан  дүрэм журмынхаа дагуу шийтгэл оногдуулсан. Энэ шийтгэлийг хэдэн жил байх уу гэдгийг  хэлэлцэж байхдаа ч бид Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас санал авч байсан. Допингийн эсрэг олон улсын байгууллага болох WADA 2016-2020 оны дүрмийг баталсан. Энэ дүрэмд мөн 4 болон 8 жилээр хасна гэсэн заалтууд нь орчихсон байгаа. 

Одоогоор Э.Оюунболд арслан шүүхэд хандаж энэ сарын 15-ны дотор Үндэсний Бөхийн Холбоо найман жилээр барилдах эрхийг хасаж хариуцлага ногдуулсандаа тайлбар ирүүл гэсэн байгаа. 

Үнэндээ цахим сүлжээгээр хуурамч хаягаар Э.Оюунболдын асуудлаар холбоо болон намайг харлуулах оролдлого их хийсэн. Ямартай ч бид дүрэм журмынхаа дагуу шийдвэр гаргасан. Хэн нэгнийг хохироох хэлмэгдүүлэх гэсэн зорилго байхгүй. Өв соёлоо цэвэр ариун авч явахын тулд ийм шийдвэр гаргасан” гэв.