Г.Аюуш: Охиныг минь үхэлд түлхсэн багш нар ажлаа хийсээр байгаад ГОМДОЛТОЙ байна

Г.Аюуш: Охиныг минь үхэлд түлхсэн багш нар ажлаа хийсээр байгаад ГОМДОЛТОЙ байна

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч өнгөрсөн оны аравдугаар сард харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжээд байгаа.

Гэвч тухайн аймгийн Боловсролын газар болон сумын ЕБС-ийн удирдлага, багш нарт ямар ч хариуцлага хүлээлгээгүйд гэр бүлийнхэн нь гомдолтой байгаа аж. Охины ээж Г.Аюуш манай редакцид хандаж, ярилцлага өглөө.

-Хэлэхэд ч хэцүү аймшигтай хэрэг гарсны дараа ар гэрийнхнийг нь эмзэглүүлж, дахин мэдээлэхээс эмээж байлаа. Гэхдээ та бүхэн мэдээлэл өгөхийг хүссэн болохоор бид холбогдож байна ?

-Тийм ээ. Бид энд дээлтэйгээ хатаж байхад охиныг минь эрсдэлд учруулсан хүмүүс зүгээр л явж байна. Сургуулийн болон дотуур байрны багш, тухайн өдөр ажилласан жижүүр ч хариуцлага хүлээх ёстой. Прокурорын байгууллагын шийдвэрийг хүлээгээд чимээгүй байгаа ч цаашдаа Боловсролын сайдад ч хандана. Охиныг минь сураггүй алга болсны дараа хайж байхад л хамт байснаас биш хэрэг явдал ийм болсны дараа харамсаж байгаагаа ч илэрхийлээгүй, уучлалт ч гуйгаагүй.

-Багш нараас Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан биз дээ?

-Мэдүүлэг авсан гэсэн. Дор, дороо “арьс”-аа хамгаалаад л, захиргаатайгаа амаа нэгтгэчихээд байгаа.  Бараг гэмт хэрэгтний талтай нэгдчихсэн мэт сэтгэгдэл төрж байна. Хүүгийн аав, ээж малчин л хүмүүс. Нэг голынх хэрнээ тэр этгээдийг би нэг их сайн мэддэггүй, нүүр тулж ч үзээгүй. Гэтэл ээж нь таарчихаад танай хүүхэдтэй жил гаруй үерхсэн гээд л “дайраад” байсан. Манай хүн мал дээр тэр нөхөртэй таарч байсан байж магадгүй. Үнэхээр тэгж үерхэж байсан бол яахаараа хүн бууддаг юм бэ?

-СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ КАМЕРЫН БИЧЛЭГ АЛГА БОЛЧИХСОН-

-Өвөрхангай аймгийн боловсролын газрын зүгээс ямар нэг шийдвэр гаргасан болов уу?

-Ажил явдлын үеэр Өвөрхангай аймгийн боловсролын газрын дарга Ж.Пүрэвсүрэн ирээд явсан. Өөрөөр холбогдоогүй. Хариуцлага хүлээлгээгүй болохоор л багш нар одоо болтол ажлаа хийж байгаа байх. Түмний хүүхдийг хариуцдаг байж ийм байж болох юм уу?

-Охиныг нь дотуур байрнаас гаргасан охинтой холбоотой гомдол бас байсан уу?

-Дотуур байрнаас гаргасан тухайгаа тэр худлаа л мэдүүлсэн байна билээ. Үнэндээ хоёрдугаар давхрын гэрлийг унтраагаад цаад шатаар миний охиныг буулгаад эргээд найз залуугаа хөтлөөд ороод ирж байгаа камерыг бичлэг байсан. Найз залуу нь сургуулийн заалыг хариуцдаг юм билээ. Хэрэг явдал ийм болонгуут тэр охин сэтгэлзүйчээр хамгаалуулаад л өнгөрч байх шиг байна. Харин тэр камерын бичлэгийг нь сэргээх арга байдаг юм болов уу, мэдэхгүй юм. Дараа нь байхгүй болчихсон. Тэр явдлаас хойш манайх гуравдугаар ангийн хүүхдээ гэрээс нь гурван долоо хоног зөөсөөр байгаад амраалаа. Манайх сумын төвөөс 20 гаруй км зайтай.

Үр хүүхдийг минь хараад хамгаалаад сургаад, хүмүүжүүлж байгаа л гэж бид итгэдэг байсан. Багш нь тухайн пүрэв гаригт намайг ирээд уулз гэсэн. Би баасан гаригт очъё гэж хэлээд өглөө үнээгээ саачихаад эрт гарна даа гээд бэлдэж байтал утсаар яриад охиныг маань ирээгүй гэж хэлсэн.  

-ОХИНЫ МИНЬ УТСЫГ ХУРААЖ АВААГҮЙ БОЛ... ГЭЖ ҮРГЭЛЖ ХАРАМСДАГ-

-Эрэн хайх ажиллагааг хангалттай хийж чадсан гэж бодож байна уу?

-Намайг очсоноос хойш л багш нь тайвшруулаад “Эргээд ирнэ байх. Хүлээж бай. Таны сэтгэлийг ойлгож байна” л гээд байсан. Магадгүй хүүхдүүдэд ийм зүйл болж байсан, тэгээд эргээд ирдэг гэж тэд мэдэж байгаа юм байх л гэж бодсон. Уг нь ойрхон арав гаруйхан километрт л байсан юм билээ л дээ. (санаа алдав) Эрэн хайх ажиллагааг удаашруулсанд маш их гомдолтой байна.  

-Ангийн багш утсыг нь хурааж авсан гэдэг. Заналхийлсэн мессежийг багш нь уншсан болов уу?

-Манай охины утсыг өдөр хураагаад авчихсан байсан. 16.00 цагийн үед тийм заналхийлсэн мессеж ирсэн байна лээ. Утастайгаа байсан бол ийм эрсдэлд орохгүй байсан. Анги дааж авсан багш нь байж хүүхдийн сэтгэлзүйд ингэж нөлөөлж болохгүй шүү дээ. Хамт байдаг дүү нь болохоор “Аниа орой уйлаад л байсан. Тэгээд унтах гэж байхад нь Энхцэцэг гэдэг охин ороод ир, дэвтрээ ав гээд дуудаад байсан. Тэгээд эргэж орж ирээгүй” гэсэн. Хүүхэд юм болохоор унтаад л өгсөн байгаа юм. Эгчийгээ өглөө сургуульдаа явсан гэж бодсон гэсэн.

-Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ харамсалтай хэрэгтэй холбоотойгоор хариуцлага тооцуулахаар хандаад байгаа юм билээ.

-Тийм л байх ёстой баймаар. Гэхдээ одоо болтол ямар ч хэрэг гараагүй юм шиг л байж байна шүү дээ энэ хүмүүс. Би прокурорын шийдвэр гарсны дараа дахиад ч хандах болно.

Ж.СОЛОНГО




Өнөөдөр үхэр өдөр

50 минутын өмнө