Байгалийн баялгаа сүйтгэж буй "Эрдэнэ Монгол" ХХК-тай нутгийн иргэд зэвсэг барин тэмцэнэ гэв

Байгалийн баялгаа сүйтгэж буй "Эрдэнэ Монгол" ХХК-тай нутгийн иргэд зэвсэг барин тэмцэнэ гэв

Өнөөдөр /2022.01.11/ Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд алтны лицензтэй “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагаатай холбоотой эсэргүүцлээ илэрхийлсэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Тодруулбал, тус сумуудын уугуул иргэд болох Н.Батнасан, н.Даваасамбуу, н.Зоригбаатар, Ц.Чогсом, Ц.Отгон болон малчдын төлөөлөл хэлэхдээ, “Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын малчин иргэд нутаг орноо хамгаалахын тулд “Эрдэнэ Монгол” гэдэг компанитай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулж, төр засаг  болоод олон нийтэд хүргэж байна. 2010 оноос хойш алтны компаниуд нэмэгдэж улмаар Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” гэх компани одоо Баянхонгор аймгийн говийн урд хэсэг болох тэмээн сүрэг бэлчдэг нутгийг ухах гэж байна. Өнгөрсөн 30 жил манай улс алт ухаад хөгжсөнгүй. 1990 оноос өмнө 10 иргэний 1 нь ядуу байсан бол алтаа ухаад одоо 10 иргэний 5 нь ядуу болсон байна. Баянхонгорт их алттай сум их бий. Тэгээд одоо бөөн нүх л үлдсэн.

Мал амьтан хордоод, хүн ам үрэгдээд, үржил шимгүй газар болоод л үлдлээ. Тус компанийн зүгээс мөн шат шатандаа авилгал өгсөн.

Малчдыг доромжилж чихэр гурил будаа зэрэг тараасан. Мөн залуучуудад 500 мянган төгрөг тэтгэлэг нэрийдлээр данс руу нь шилжүүлсэн. Гуравдугаарт аймгийн удирдлагад 28 тэрбум төгрөгийн авилгал өгнө гэдгээ мэдэгдсэн. 7,4 тэрбум төгрөгийн гэрээг хийгээд 2,5 тэрбум төгрөг нь аймгийн дансанд орчхоод байгаа юм.  Ийм хууль бус зүйлийг сумын иргэд бид тэвчээд зүгээр хараад сууж чадахгүй. Иймээс бид зэвсэг барин тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна. Монгол улсын хуулиндаа манай улсын нутаг дэвсгэрт, газар доорх баялаг бол ард иргэд болон улс, төрийн эрх мэдэл, өмчид байна гээд заасан байдаг. Иймээс үнэхээр мөнгө хүсээд байгаа бол нутгийн иргэд өөрсдийн үнэт эдлэл, ээмэг, бөгжийг минь ав гээд авчирсан байна. Нутгийн онгон дагшин байдлаа хадгалж үлдмээр байна. Энэ дагуу үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бидэнтэй холбогдож хамтраасай гэж хүсэж байна. Мөн энэ талаар албан шаардлагыг бид төрийн гурван өндөрлөгт 2 удаа өгсөн байхад одоог хүртэл ямар ч хариу ирүүлээгүй байна. Мөн энэ асуудлыг манай аймгаас гарсан их хурлын дарга дэмжинэ гэж бодож байна” гэлээ.