Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 420 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 420 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд нэгдэн асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд буюу 420 мянган төгрөгт хүргэхийг Төрийн гурван өндөрлөгөөс шаардаж, бичиг хүргүүллээ.

Өдгөө Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 11600 хүүхэд байгаа бөгөөд тэдний 4400 нь боловсрол эзэмшиж чадахгүй гэртээ байгаа гэсэн албан бус судалгаа бий. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асардаг эцэг эхчүүдэд сард 123100 төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд энэ нь амьдралд хүрэлцээгүйн зэрэгцээ өндөр үнэтэй эм тариа, ариун цэврийн хэрэглэл шаардлагатай байдаг хүүхдүүдтэй хүмүүст маш бага мөнгө юм.

Тиймээс “Эрхэм нандин сувд” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн асаргааны тэтгэмжийг 420 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь сард 188 мянган төгрөг, эцэг эх нь асаргааны 123100 төгрөг авч байгаа ч тэдний сарын дундаж зардал нь 1485000 төгрөгт хүрдэг аж. 1800 хүнээс судалгаа авч энэ дүнг гаргажээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдсан асар олон асуудал байгаа ч нэн түрүүнд “Өлсөж үхэх үү, өвдөж үхэх үү?” гэсэн асуудлыг шийдвэрлүүлэхийг эцэг эхчүүд хүсэж байгаа аж.

Өвчтэй төрснийхөө төлөө ялгаварлаж, нийгмийн болон эрүүл мэндийн тэгш үйлчилгээ авч чадахгүй байгаа тэдний хүүхдүүдийг Монгол Улсын Засгийн газар болон Төрийн тэргүүн анхаарахгүй бол хүүхдүүдээ тэврээд өвлийн хүйтэнд жагсах болно гэдгээ эцэг эхчүүд мэдэгдлээ.