Х.Нямбаатар: Төрийн зарим хяналт шалгалтыг 2024 он хүртэл зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Х.Нямбаатар: Төрийн зарим хяналт шалгалтыг 2024 он хүртэл зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдөр/2022.01.12/-ийн хуралдаанаар  Төрийн зарим хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг сая УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн үйлчлэл 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай үйлчлэхээр болсон.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тухайн төрөл чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байдаг. Гэвч энэ нь аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг гэдгийг иргэд удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин Монгол банкны, Санхүүгийн зохицуулах хорооны, гааль татварын, эрүүл мэнд нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд зогсохгүй. Үүнээс бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг энэ хууль батлагдсаны дараа гурван жил зогсооно. Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тавьсан иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шалгалтууд явагдана. Үүнд хүний амь нас, эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой шалгалтууд хамаарна хийнэ” гэв.