Шатахууны чанарыг шинжилж байна

Шатахууны чанарыг шинжилж байна

Нийслэлд Уул уурхайн, газрын тосны төв лаборатори, ИНЕГ-ын Оншилгоо хэмжил зүйн лаборатори гэсэн 2 газарт шатахууны чанарыг шалгаж шинжилдэг. Үүнээс АМГТ-ны газрын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторид автомашин эзэмшигч, жолооч иргэд шатахууны чанарыг шинжлүүлэх бүрэн боломжтойг тус лабораториос мэдээллээ.

Ингэхдээ автобензинийг 13, дизель түлшийг 16 үзүүлэлтээр шинжилж байна. Импортоор оруулж ирж буй шатахууныг агуулахад хадгалсан болон ШТС-аар борлуулж буй нөхцөлд шалгуулж болно. Сар бүр түүврийн аргаар дээж аван шинжилдэг. Ингэхдээ механик хольц, октаны тоо, хувийн жин, найрлага, өнгө, тунгалаг байдал зэргийг Монгол Улсын MNS стандартын дагуу шинжилж үр дүнг гаргадаг.

Гэхдээ шинжээчид үр дүнгийн хуудсаар дүгнэлт гаргадаггүй, тийм эрх байдаггүй. Харин шинжээчдийн гаргасан үр дүн дээр үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллага болон ШӨХТГ-ын улсын байцаагч нар дүгнэлтээ гаргадгийг Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжээч Ч.Бадамсүрэн хэлж байна. Лабораторийн шинжилгээгээр автобензиний натурын аргаар хувийн жин, хүхэр, нүүрс устөрөгчийн агууламж, хүчил төрөгчийн нэгдэл зэрэг үзүүлэлтийг гаргадаг аж.

Шинжилгээг заавал нефть бүтээгдэхүүний агуулахаар бус, ШТС-аас дээж аван сар бүр өөр өөр байдлаар хяналт шалгалт хийж, шинжилдэг байна. Уул уурхай, газрын тосны төв лаборатори өнгөрсөн оны 12 дугаар сард бие даасан үзлэгийг явуулжээ. Ингэхэд ямар нэгэн асуудалтай үзүүлэлт болон зөрчил гараагүйг мэдээллээ.