ТОДРУУЛГА: УДБЭТ-ын удирдлагууд спортын өдөрлөг зохион байгуулж, уран бүтээлчдийг албадан хамруулснаар халдвар тархжээ

ТОДРУУЛГА: УДБЭТ-ын удирдлагууд спортын өдөрлөг зохион байгуулж, уран бүтээлчдийг албадан хамруулснаар халдвар тархжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын /УДБЭТ/ удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын өдөрлөг зохион байгуулж, ажилчдыг албадан хамруулсан гэх гомдол, мэдээлэл манай редакцид ирлээ. Гэтэл арга хэмжээний дараа тус театр нь халдварын голомт болж уран бүтээлчид олноороо коронавирусээр өвчилж эхэлсэн байна. 

Одоогоор театрын ажилчид гэр, гэртээ тусгаарлагдан ажиглалтын байдалтай байгаа аж. Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж хэлэхдээ "Яагаад албадан гэж хэлээд байна вэ гэвэл биднийг спортын өдөрлөгт орохгүй бол арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Дарга нар "Өөрсдөө очиж бүгдийг нь бүртгэнэ. Ирээгүй хүмүүсийг цалингийн хувь хэмжээгээр торгоно" гэсэн. Уран бүтээлчдийн зарим нь халдвар тархах эрсдэлтэйг сануулсан. Гэтэл үүнийг тоогоогүй. Бидний дунд халдвар авсан жирэмсэн хүн ч байна. Эрсдэлтэй нөхцөлд олныг хамарсан үйл ажиллагаа явууллаа. Бидний болон гэр бүлийнхний минь эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хариуцлагагүй шийдвэр гаргасан" гэлээ.