СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн иргэн нас баржээ

Энэ амралтын өдрүүд буюу 2021.01.15,16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохиржээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 6 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртсэн нь 6-13 хүртэлх насны хүүхэд байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 87, орон нутагт 50 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 29.7 хувиар буурсан байна.

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцуулахдаа  биедээ тэврэх, хөтөлж явахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА