Т.Мөнх-Эрдэнэ: Эмч нар ковидын өвчтөнд гэрээр үзлэг хийж байхдаа нохойнд хазуулах тохиолдол хүртэл гарч байна

Т.Мөнх-Эрдэнэ: Эмч нар ковидын өвчтөнд гэрээр үзлэг хийж байхдаа нохойнд хазуулах тохиолдол хүртэл гарч байна

Баянзүрх дүүргийн 26-р хорооны “Тэгш дүүрэн хүслэн” Өрхийн эмнэлгийн эмч гэрээр ковидын өвчтөнд үзлэг хийж байгаад нохойнд хазуулжээ. Гэвч энэ нь анхны тохиолдол биш. Тодруулбал, өмнө нь тус Өрхийн эмнэлгийн хоёр ч эмч үзлэг хийж, албан үүргээ гүйцэтгэж явахдаа айлын нохойнд хазуулж байж. Ерөөс гэрээр үзлэг хийж буй эмч нарт энэ мэт хүндрэл бэрхшээл өдөр бүр тулгардаг аж. Тиймээс бид эмч нарын ажлын нөхцөл байдал, өдөр тутамд ямар асуудал, бэрхшээл тулгардаг талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 26-р хороог зорьсон юм.

Өдрийн 16:00 болж байв. Энэ цагт “ачаалал арай багассан болов уу” гэж санан бид “Тэгш дүүрэн хүслэн” Өрхийн эмнэлэг дээр ирэв. Гэвч төсөөлснөөс огт өөр дүр зураг биднийг угтсан юм. Өрхийн эмнэлэг рүү орвол хүлээн авах хэсэг дээр олон хүн бөөгнөрөн зогссон байх бөгөөд "ресепшин" эмэгтэйг “эмийн багцаа яаж авах вэ”, “манай хүүхэд халуураад байна”, “эмч нь байгаа юу” гэх мэт асуултаар булах аж. Бид оочерлож зогссоор хэрэг, зорилгоо хэлтэл “зарим эмч гэрийн үзлэгт гарчихсан байгаа, та 8 дугаарын өрөөнд байгаа эмчтэй уулзаж учир байдлаа хэлээрэй” гэв. 8 дугаартай өрөөнд очлоо. Ахмад настай иргэн, бага насны хоёр хүүхдээ дагуулсан жирэмсэн бүсгүй, ахимад насны хэдэн эмэгтэй үзүүлэхээр ээлжээ хүлээн сууж байв. Удалгүй мөн 6-8 насны хоёр хүүхдээ дагуулсан эрэгтэй орж ирлээ. Хоёр хүүхэд нь маш хүндээр амьсгаадан аахилж, хааяа ханиалгаж байв. Нөгөө талын өрөөнд мөн л уртаас урт дараалал үүсжээ. Гаднаас хүүхдээ тэврэн орж ирэх эцэг, эхчүүдийн хөл тасарсангүй. Нарийхан коридорт 40 минут хэртэй суухад л халдварын нөхцөл байдал ямар байгааг, эмч нар ямар их ачаалалтай ажиллаж буй нь харагдаж байлаа. Биднийг тийнхүү сууж байтал үзлэг хийж байхдаа нохойнд хазуулсан эмч Т.Мөнх-Эрдэнэ дуудлаганд явж байгаад ажил дээрээ буцаж ирсэн юм. Тиймээс бид хэрэг зорилгоо хэлэн, түүнтэй хэсэг хором ярилцлаа.

-ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙХДАА БИЕ ЗАСАХ БИТГИЙ ХЭЛ ХООЛ Ч ИДЭЖ ЧАДДАГГҮЙ-

-Сайн байна уу. Гэрээр үзлэг хийж байсан эмч айлын нохойнд хазуулсан талаар бид сонссон юм. Таны бие хэр байна?

-Бие маань зүгээр байгаа. Ажлаа хэвийн хийж байна. Энэ явдал өнгөрсөн Баасан гарагт болсон юм. Дуудлагад явж байхдаа нэг айлын орцны кодыг мэдэхгүй зогсож байтал нохойтой залуу хүрээд ирсэн. Жижиг нохой байсан учраас би анзаараагүй юм. Нөгөө залуу орцны кодоо хийх гээд зогстол нохой нь хөлнөөс хазчихсан. Ер нь өрхийн эмнэлгийн ажилчид нярайн, ковидын гэх мэт үзлэг хийхээр гадуур явахад тэжээвэр нохойтой айлууд олон таардаг. Тухайн айлын эзэн нь “манай нохой хүн урдаггүй, тэжээвэр” гэж хэлдэг ч араатан л болсон хойно танихгүй хүн хараад дайрдаг. Гэрийнхнийгээ урахгүй ч гэсэн гаднын хүн хараад дайрах тохиолдол байдаг. Манай хоёр эмч өмнө нь мөн ийм тохиолдлоор нохойнд хазуулж байсан удаа бий.

-Бид таныг ирэхээс өмнө энд 40 гаруй минут байсан юм. Гэтэл ачаалал маш их байна. Ер нь халдварын нөхцөл байдал, эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Ачаалал их байх нь энгийн үзэгдэл. Харин ч багассан байгаа нь энэ. Үдээс өмнө ачаалал үүнээс хэд дахин ихэсдэг. Манай өрхийн эмнэлэг хорооны иргэний танхимд үзлэг хийж эхэлснээс хойш өдөрт 150-160 хүн үйлчлүүлдэг болсон. Үүнийгээ дагаад эмч нарын ачаалал ч нэмэгдэж байна. Өглөөний үзлэг 09:00-14:00 цаг хүртэл үргэлжилдэг. Заримдаа 15:00 цаг хүртэл хийнэ. Тэгээд л цайгаа хальтхан уучхаад гэрийнхээ үзлэгт шууд гарна. Машинаа өөрсдөө унаад л гарна.

-Машинаа өөрсдөө унадаг хэрэг үү?

-Тийм ээ. Гэхдээ одоо цаанаасаа жолооч томилоод өгчихсөн байгаа. Жолоочтойгоо хамт явна даа. Одоогийн байдлаар манай хоёр эмч гэрийн үзлэгт явж байгаа.

-Ер нь гэрээр үзлэг хийгээд явж байхад ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна?

-Манайх шиг байшин хороололтой газар машин явахад маш хэцүү байдаг. Машинтай явахаараа түгжирчихдэг. Дуудлага өгсөн хүний байрны гадна очино. Үүдний харуул нь хаалга тайлж өгөхгүй бол машин орох боломжгүй. Машинаа гадна тавьчхаад хамаг юмаа бариад алхаж орно. Эмч нар хүйтэн байна гээд зузаан хувцас өмсөж болохгүй. Заавал халдвар хамгааллын дэглэм сахисан хувцастай байх шаардлагатай учраас алхаад явахад өвлийн хүйтэнд даарна. Энэ мэт асуудал гэвэл зөндөө бий. Гэрээр үзлэг хийж буй эмч нар 15:00 цагаас дуудлагадаа гараад оройн 20:00 цаг өнгөрөөж тардаг. Дуудлага нэгэнт авчихсан бол үзэх л ёстой. Тиймээс дуудлага өгсөн айлуудаа дуустал ажилладаг. Гэрийн үзлэгээр явж байгаа эмч нар бие засаж ч чаддаггүй. Ажил дээрээ ирж байж л бие засна. Халдвар хамгааллын хувцас өмссөн байгаа учраас ажил дээрээ л ирж тайлах боломжтой. Амны хаалт, нүүрэндээ хүрэх ямар ч эрхгүй. Зөвхөн үзлэгийн багаж, төхөөрөмждөө л хүрч болно. Хүн үзэж байх хугацаандаа хоол ч идэж чаддаггүй.

-Эмч нар өөрсдийнхөө эрүүл мэндэд хэр цаг зарцуулж чадаж байна. Та гэхэд л нохойнд хазуулчхаад ажилдаа явж байна шүү дээ?

-Миний хувьд хөнгөн бэртэл авсан учраас ажлаа хийж байгаа. Гэхдээ эмч нар эрүүл мэнддээ зарцуулах цаг зав ер нь ховор доо. Байгууллагаас жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд хамруулж өгдөг. Бусдаар өөрийн эрүүл мэндэд санаа тавьж төдийлөн чаддаггүй. Ер нь өөрийнхөө эрүүл мэндэд тэр болгон цаг зарцуулж чаддаггүй. Цар тахал эхэлснээс хойш эмч нар ээлж ээлжээ солигдон долоон хоног бүтэн ажиллаж байгаа.

-Эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол хэр байна?

-Манай эмнэлгийн хувьд харьцангуй гайгүй шүү. Харин гэрийн үзлэгээр явж байхдаа халдвар авсан тохиолдол гарсан. Үзлэгээр ороход халдвар авчихсан хүмүүс амны хаалтгүй байдаг, үзлэг хийж байхад ханиаж найтаадаг.

-Гэвч өвдөж, зовсон иргэд эмнэлгийн ажилчдын ачаалал, дарамтыг тэр болгон ойлгохгүй, өөдөөс уурлах, уцаарлах тохиолдол гардаг шүү дээ?

-Өвдчихсөн хүмүүс уур уцаартай байдаг. “Эмч ирэхгүй байна, бид гэртээ байж байгаад янз бүрийн зүйл тохиолдвол яахав” гэсэн айдсаасаа болоод уур уцаартай болчихсон байдаг гэж ойлгож болно. Эмч нар өөдөөс нь уурлаад байж болохгүй. Аль болох тайвшруулахыг хичээнэ.

-ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХЭЭСЭЭ ХАЛДВАР АВЧ ГЭРТЭЭ ХҮНДРЭХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА-

-Халдварын тохиолдол нэг хэсэг бууж байгаад одоо огцом нэмэгдчихлээ. Энэ хэмжээгээр та бүхний ачаалал нэмэгдсэн байх?

-Дельтагийн үед өвчний тохиолдол харьцангуй гайгүй байсан. Манай хороонд гэхэд Дельтагийн үед нэг л өдөр хамгийн өндөртөө 150 тохиолдол батлагдаж байлаа. Одоо гэтэл өдөр бүр 160, 170 бараг 200 тохиолдол батлагдаж байна. Хүмүүс ковидтойгоо мэдэхгүй “миний хоолой өвдөөд байна, ханиад хүрчихлээ” гээд Өрхийн эмнэлэгт ирж үзүүлэх тохиолдол их гардаг. Өрхийн эмнэлэгт хүүхдүүдийн товлолт вакцин хийгддэг, жирэмсэн эхчүүд ирж хяналтдаа ордог шүү дээ. Гэтэл халдвартай хүмүүс ирж эмзэг бүлгийн хүмүүст эрсдэл учруулаад байна.

-Өдөрт ирж буй дуудлагын дийлэнх хувийг ямар насныхан эзэлж байна?

-“Альфа”, “Дельта” халдварын ид үед өндөр настай хүмүүс ихэвчлэн дуудлага өгдөг байсан. Харин сүүлийн үед хүүхдүүдийн дуудлага эрс ихэссэн. Өдөрт 100 гаруй хүн үзэж байхад найм нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байх жишээний. Найман хүний зургаа нь бараг хүүхэд байна. Хүүхдүүд гэртээ хүндрэх тохиолдол байна. “Хүүхэд халуураад байна, хоолой нь боочих гээд байна” гэх мэт дуудлага том хүмүүсийн дуудлагаас илүү нэмэгдсэн. Ихэвчлэн ковид туссан хүүхдүүд. Хүүхдүүд гэрээсээ гарахгүй шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн аав, ээжээсээ халдвар авсан байдаг. Хүүхэд нь өвдөхөд эцэг, эхчүүд ямар нэгэн эмийг дур мэдэн өгсөн байдаг. Антибиотик ч юм уу, эсвэл хэт өндөр тунгаар өгөх ч юм уу. Дур мэдэн эмчилгээ хэзээ ч хийж болохгүй. Эмч ирж үзсэний дараа бичиж өгсөн жорын дагуу л хүүхдэд эмчилгээ хийх ёстой. Зарим эцэг эх өөрсдийнхөө ууж байсан эмнээс хүүхдүүддээ өгчихдөг. “Намайг эмч энэ эмийг уу гэсэн би хүүхдэдээ хуваагаад өгчихлөө” гэдэг. Том хүнд зориулсан эм болохоос хүүхдийн биш шүү дээ. Хүүхдэд зориулсан эм биш учраас хүүхдэд үйлчлэхгүй, зовуурийг нь намдаахгүй гэсэн үг.

-Ер нь шаардлагагүй дуудлага хэр ирж байна?

-10 айлд очлоо гэхэд зургаа нь “шаардлагагүй” дуудлага өгсөн байдаг. Эмийн багцаа авчихсан, өвчний зовууриуд нь намдаад эхэлчихсэн хүмүүс дуудлага өгдөг. Заримдаа шинжилгээ өгөөгүй, оношлогдоогүй хүмүүс “би ковид тусчихлаа” гэж дуудлага өгнө. Та ковид туссан гэдгээ яаж оношлов оо гэхээр “би ойрын хавьтал болсон” гэдэг.

-Иргэдийн зүгээс эмч нар хүрэлцэхгүй байна. Дуудлага өгсөн ч ирэхгүй байна гэсэн гомдлыг нэлээн хэлж байна?

-Стандартаар бол нэг өрөөнд хоёр эмч суух ёстой. Үүний дагуу манай эмнэлэгт ч нэг өрөөнд хоёр эмч ажиллаж байгаа. Хэрэв дахиад нэг эмч авчихвал халдварын эрсдэл нь нэмэгдэнэ. Нэг өрөөнд гурван өвчтөн нэг зэрэг байна гэдэг эрсдэл шүү дээ. Хэрэв орон байр байвал эмч нарын тоо нэмэгдэх боломжтой. Ямар сайндаа хорооныхоо иргэний танхимын чөлөөлчихсөн үзлэг хийж байхав. Хэрэв дахиад  үзлэг хийх газар байвал эмч нарын тоо ч нэмэгдэж, ачаалал ч багасна.

-Ярилцлагын төгсгөлд иргэдэд хандаж юу гэж уриалмаар байна. Иргэд ямар байвал та бүхний ажилд тус дэм болох вэ?

-Ерөөсөө л халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах. Ажил хийж байгаа насанд хүрэгчид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиагүйгээс ажлынхаа хэн нэгнээс халдвар авч ар, гэрийнхэндээ хүүхдүүддээ дамжуулах тохиолдол их байна. Хүмүүс үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Ажил дээрээ очоод амны хаалтаа тайлчихдаг. Хамт суугаад хоол иддэг. Найз нөхөдтэйгөө олон нийтийн газраар явж уулздаг. Энэ бол гэр бүлийнхнийгээ бодохгүй эрсдэлд оруулж байна гэсэн үг. Та л өвдөхгүй бол бяцхан хүүхэд тань, өндөр настай аав ээж тань эрсдэлд орохгүй шүү дээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө