Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг өчигдөр /2025.05.16/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ оны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ буурна гэж мэдэгдсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр танилцуулсан. Энэ өөрчлөлтийг хийх хууль эрх зүйн орчин УИХ-д өргөн баригдаагүй байхад 2026 оны төсвийн төсөөллийг одоо хэлэлцэж, зургадугаар сарын 1-ний дотор баталснаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс татвар, нийгмийн даатгалын шимтгэл буурах боломжгүй болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.1 зүйлд маш тодорхой заасан. Тэгэхээр Засгийн газар энд ямар байр суурьтай байна вэ. Салбарт ажиллаж байсан хэд хэдэн гишүүн уулзаж, шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Татвар яах вэ. Маш том хүлээлт байгаа. Ямар гаргалгааг харж байна вэ?
-ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС 2026 ОНЫ ТӨСВИЙГ БҮР АЛДАГДАЛТАЙ ИРҮҮЛСЭН-
Сангийн сайд Б.Жавхлан: Татварын шинэчлэл өөрөө нэлээд өртөгтэйгөөр хийнэ. Тийм амар нэг удаагийн төсвөөр хийх зүйл биш. Татварын багц хууль гэхээр дор хаяж дөрвөн том хуульд суурь өөрчлөлт орно. Мэдээж шууд ажиллаж эхлэх төсвийнхөө жилд орлого талдаа нөлөө үзүүлнэ. Гэхдээ 2026-2029 онуудад шинэчлэлийг шат дараатай хийнэ. Тийм учраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг байж болох бага орлогын түвшинд өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн төсвийн орлого, зарлагын саналаас бага байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийг бүр алдагдалтай ирүүлсэн.
Тийм учраас бид орлогыг байж болох багаар төлөвлөж, ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, нүүрсний болон бусад түүхий эдүүдийн үнэ ямар байхыг хэлж мэдэхгүй ч энэ жилийнхээс буурахгүй байхаар төлөвлөж оруулж ирсэн. Тийм учраас аль болох дахиж төсвийн хүрээн дээр өөрчлөлт хийж, тодотгохгүй байна. Хуульд том түгжээ үүсгэж, гурван сар ямар ч өөрчлөлт оруулахгүй. Цаг хугацааны боломж ч байхгүй. Нийт багц реформ нь 4 их наяд өртөгтэй байгаа. Гурван жилдээ тараавал жилдээ нэг их наяд орчим төсвийн орлогын ачаалал авна. Өргөн барьсан хүрээндээ шинэчлэлээ эхэлнэ.