“Moderna” компани Омикроны эсрэг вакцины туршилтаа эхлүүлжээ

“Moderna” компани Омикроны эсрэг вакцины туршилтаа эхлүүлжээ

АНУ-ын “Moderna” биотехнологийн компани коронавирусийн “Омикрон” хувилбарын эсрэг тусгайлан боловсруулсан вакцины нэмэлт тунгийнхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ мэдэгдлээ.

Туршилтад насанд хүрсэн 600 хүнийг оролцуулж байгаа бөгөөд тэдний тэн хагас нь “Moderna”-гийн вакцины хоёр тунд зургаан сарын дотор хамрагдсан хүмүүс байх бол үлдсэн нь хоёр тунгаас гадна нэмэлт тунг тариулсан хүмүүс байх аж. Ингэснээр Омикроны эсрэг нэмэлт тунг гурав болон дөрөв дэх тунгийн журмаар тарихад ямар үр дүн үзүүлэхийг судлах боломжтой. 

“Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель “Одоогоор зөвшөөрөгдөөд буй нэмэлт тун Омикроны эсрэг зургаан сарын турш үйлчлэх нь тогтоогдоод байна. Гэхдээ шинэ хувилбарын дархлаанаас зугтаж буй байдлыг нь харгалзан тусгайлан зориулсан нэмэлт тун гаргах авах ажлаа ахиулан хоёр дахь үе шатны судалгаагаа эхлүүлж байгаадаа бид баяртай байна” гэжээ. 

"Moderna"-аас гадна “Pfizer”, “BioNTech” компаниуд Омикроны эсрэг вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт мэдээлсэн. Эдгээр вакцины аль аль нь матрицын рибонуклейн хүчилд /мРНА/ суурилсан нь шинэ хувилбаруудын мутацид тохируулан өөрчлөхөд харьцангуй хялбар байгаа юм.