Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусь, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монголчуудад болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсэн талаар тус улсын “Белта” агентлаг мэдээлжээ.
А.Лукашенко мэндчилгээндээ “Монгол бол Беларусийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг. "Залуу" Беларусь улсыг байгуулах үе шатанд чухал үүрэг гүйцэтгэсэн дэмжлэгт бид чин сэтгэлээсээ талархаж байна. Сүүлийн жилүүдэд Монголтой олон салбарт харилцаа холбоо эрчимжиж байгааг сайшааж байна. Цаашид төлөвлөгөө, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааг ахиулж, чанарын шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улстай илүү бат бөх хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Сонирхуулахад, 1994 оноос хойш Беларусийн засгийн тэргүүнээр сонгогдсон А.Лукашенко 2020 оны наймдугаар сард өөрийг нь эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг цэргийн хүчээр дарж байв. Үүний улмаас Их Британийн эрх баригчид түүнд хориг арга хэмжээ авч байсан юм. Тодруулбал, Их Британийн Засгийн газраас "Өнөөдөр Их Британи, Канад улсууд Александр Лукашенкогийн харгис, залилан мэхэлсэн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Бид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн нь шударга ёсноос гажууд зүйл. Беларусь дахь ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалахын төлөө бид тэмцсээр байх болно" гэж мэдээлж байв. Үүнээс гадна А.Лукашенко өнгөрсөн оны есдүгээр сард сөрөг хүчнийхээ хоёр гишүүнд 10 жилийн хорих ял оноосон байдаг.