ОХУ Украины хил дээр 100 мянга гаруй цэргээ байрлуулаад буй. Мөн өнгөрөгч пүрэв гараг/2022.01.27/-т АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ Украин руу ирэх сард дайрах магадлалтай байгаа талаар мэдээлсэн. Энэ мэт нөхцөл байдлын улмаас сүүлийн өдрүүдэд Украины асуудал нэлээдгүй түгшүүр төрүүлж байна.
Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский өрнөдийн орнуудыг нөхцөл байдлыг хэт хурцатгаж, сандралд оруулахгүй байхыг уриалжээ. Түүний хэлж буйгаар “Орос Украин руу тун удахгүй дайрна” гэсэн сэрэмжлүүлэг тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулж байгаа аж.
Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр/2022.01.28/ хийсэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн хавар ОХУ мөн л хилийн орчимд цэргүүдээ төвлөрүүлсэн үеийнхээс илүү аюул заналхийллийг би олж харахгүй байна. Томоохон орнуудын удирдагчид хүртэл дайн маргааш болно гэж хэлж байна. Энэ нь үр ашиггүй сандралыг бий болгож байна шүү дээ. ОХУ зүгээр л биднийг айлгаж байна” гэжээ.
Мөн тэрбээр улс орон нь олон жилийн турш Оросын түрэмгийлэл, аюул заналхийлэл дор амьдарч ирснийг сануулж, энэ бол байдаг л “цикл” гэдгийг онцолжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид зарим орны элчин сайдын яамдын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх талаар тодруулахад В.Зеленский “Би энэ асуудалд бага зэрэг бухимдсан. Живж буй хөлөг онгоцыг л орхих ёстой. Украин бол Титаник биш” гэж хариулсан байна.
АНУ-ын Тагнуулын албаны мэдээлж буйгаар ОХУ Украины хил дээр 100 мянга гаруй цэргүүдээ төвлөрүүлээд байгаа аж. Гэвч Оросын талаас довтлохоор төлөвлөж байгаагаа үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд нь “бид дайн хийхийг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC