БНСУ-ын Хөх Ордноос "Монгол охиныг дээрэлхсэн сурагчид насанд хүрээгүй тул нэрсийг нь зарлах боломжгүй" гэсэн хариу өгчээ

БНСУ-ын Хөх Ордноос "Монгол охиныг дээрэлхсэн сурагчид насанд хүрээгүй тул нэрсийг нь зарлах боломжгүй" гэсэн хариу өгчээ

Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-ын Янсан хотын дунд сургуулийн дөрвөн сурагч, 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгсөн хэрэг гарсан. Үүгээр ч зогсохгүй охиныг иргэншлээр нь доромжилж, бичлэг хийн сургуулийнхаа хүүхдүүдэд 10 мянган воноор зарсан байдаг.

Уг хэрэг өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд ил болсон бөгөөд энэ сарын 13-ны өдөр дөрвөн сурагчдад холбогдох хэргийн шүүх хурал болж, хүүхдийн хорих ангид 6 сарын хугацаатай хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан билээ.

Хэрэг олон нийтэд ил болсны дараа иргэд нэгдэн “охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад өргөдөл гаргасан. Тэгвэл өчигдөр/2022.01.28/ Хөх Ордноос уг өргөдлийн хариуг өгчээ. Тодруулбал, өргөдлийн дагуу дөрвөн сурагчийн нэрсийг ил болгох боломжгүй гэж үзсэн байна.

Энэ талаар Хөх ордны дижитал харилцааны төвийн дарга Ко Жу Хи “Өнгөрсөн оны долдугаар сард танхайн хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг хүлээх чадвартай хоёр сурагчийг яллагдагчаар татсан. Харин насанд хүрээгүй хоёр оюутныг хуулийн дагуу тус шүүхийн насанд хүрээгүйчүүдийн хэлтэст шилжүүлсэн. Бид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч, халдлага үйлдсэн дөрвөн сурагчид нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхийг тушаасан.

Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг задруулах боломжгүй. Тиймээс өргөдлийн дагуу сурагчдын нэрсийг нь ил болгох боломжгүй.

Солонгосын Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэрэг илрэх үед мөрдөн байцаалтад хайнга хандсан албан тушаалтнуудыг мөн шалгаж байна. Хөх Ордны зүгээс хамгийн гол нь сургуулийн хүчирхийлэл гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хэрвээ хохирогч болсон тохиолдолд боловсролын байгууллагууд зохих мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хариуцлагатай арга хэмжээ авах тал дээр анхаарч ажиллах болно”  гэжээ.

Эх сурвалж: JBTC




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө