АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүс “Ройтерс” агентлагт ОХУ Украины хил дээр шархадсан цэргүүдийг эмчлэхэд ашиглах цусны нөөц, эмнэлгийн хэрэгслүүд төвлөрүүлж эхэлсэн талаар мэдээлжээ. Энэ бол "ОХУ Украин руу довтлоход бэлдэж байгаагийн тод илрэл" хэмээн тэд хэлсэн байна. Пентагоноос өмнө нь ОХУ эмнэлгийн тусламж төвлөрүүлж буй талаар мэдээлж байсан. Гэхдээ цусны нөөцийг ил болгосон нь Оросын цэргийн бэлэн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
АНУ энэ мэт анхааруулгыг өгсөөр байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Оросууд ирэх хоёрдугаар сард Украин руу дайрах өндөр магадлалтай байна” хэмээн хэлсэн юм.
"Ройтерс" агентлаг уг асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас тайлбар авах хүсэлтээ бичгээр явуулсан боловч хариу өгөөгүй байгаа аж. Харин Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр энэ мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудастаа “Уг мэдээлэл худлаа. Энэ бол сэтгэл зүйн дайны нэг элемент юм. Ийм мэдээллийн зорилго нь манай нийгэмд сандрал, айдас төрүүлэх зорилготой” гэжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн өрнөдийн орнуудыг нөхцөл байдлыг хэт хурцатгаж, сандралд оруулахгүй байхыг уриалсан. Түүний хэлж буйгаар “Орос Украин руу тун удахгүй дайрна” гэсэн сэрэмжлүүлэг тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулж байгаа аж.
Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гараг/2022.01.28/-т хийсэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн хавар ОХУ мөн л хилийн орчимд цэргүүдээ төвлөрүүлсэн үеийнхээс илүү аюул заналхийллийг би олж харахгүй байна. Томоохон орнуудын удирдагчид хүртэл дайн маргааш болно гэж хэлж байна. Энэ нь үр ашиггүй сандралыг бий болгож байна шүү дээ. ОХУ зүгээр л биднийг айлгаж байна” гэжээ.
Мөн тэрбээр улс орон нь олон жилийн турш Оросын түрэмгийлэл, аюул заналхийлэл дор амьдарч ирснийг сануулж, энэ бол байдаг л “цикл” гэдгийг онцолжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид зарим орны элчин сайдын яамдын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх талаар тодруулахад В.Зеленский “Би энэ асуудалд бага зэрэг бухимдсан. Живж буй хөлөг онгоцыг л орхих ёстой. Украин бол Титаник биш” гэж хариулсан байна.
АНУ-ын Тагнуулын албаны мэдээлж буйгаар ОХУ Украины хил дээр 100 мянга гаруй цэргүүдээ төвлөрүүлээд байгаа аж. Гэвч Оросын талаас довтлохоор төлөвлөж байгаагаа үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд нь “бид дайн хийхийг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters