БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй утсаар ярьсан талаар тус улсын хэвлэл онцолжээ.
Энэ үеэр Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Хятад улсыг тууштай дэмжиж, спортыг улстөржүүлэхийг үргэлж эсэргүүцсээр ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохыг тэсэн ядан хүлээж байна гэв.
Хариуд нь Ван И “Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг. Монгол Улс БНХАУ-ын сайн хөршийн хувьд Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад Хятад улсыг үргэлж дэмжиж ирсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн Өвлийн Олимпын наадмын нээлтэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн анхны гадаадын удирдагчдын нэг бөгөөд спортыг улстөржүүлж буйг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлснийг Хятад улс ихэд сайшааж байна” гэв.
Мөн тэрбээр “өнгөрсөн онд Хятадын Коммунист нам, Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон нь Хятад, Монгол хоёр орны хувьд чухал ач холбогдолтой юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаа Хүрэлсүх нарын стратегийн удирдамжийн дагуу хоёр тал эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цар тахлын нөлөөг даван туулж, хоёр орны харилцаанд шинэ ахиц дэвшил гаргасныг онцолжээ. Мөн тэрбээр Монгол Улстай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна” гэжээ.
Эх сурвалж: CGTN