Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж, Сар шинийн дараа яллах дүгнэлт үйлдэнэ гэжээ

Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж, Сар шинийн дараа яллах дүгнэлт үйлдэнэ гэжээ

Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-ын Янсан хотын дунд сургуулийн дөрвөн сурагч, 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгсөн хэрэг гарсан. Үүгээр ч зогсохгүй охиныг иргэншлээр нь доромжилж, бичлэг хийн сургуулийнхаа хүүхдүүдэд 5 мянган воноор зарсан байдаг.

Уг хэрэг өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд ил болсон бөгөөд энэ сарын 13-ны өдөр дөрвөн сурагчдад холбогдох хэргийн шүүх хурал болж, хүүхдийн хорих ангид 6 сарын хугацаатай хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан билээ. Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн дөрвөн сурагчид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Энэ талаар Кённам хотын цагдаагийн газрын албан тушаалтан JTBC телевизэд “Гэмт этгээдүүдэд холбогдох танхайрсан, айлган сүрдүүлсэн, хууль бусаар бичлэг хийсэн, тараасан гэх хэргүүдэд нэмэлт мөрдөн байцаалт явуулсны дараа дүгнэлт гарган прокурорт илгээхээр төлөвлөж байна. Сар шинийн дараа яллах дүгнэлт үйлдэнэ” гэжээ.

Эргэн сануулахад, хэрэг олон нийтэд ил болсны дараа иргэд нэгдэн “охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад өргөдөл гаргасан. Тэгвэл өнгөрөгч баасан/2022.01.28/-т Хөх Ордноос уг өргөдлийн хариуг өгч, дөрвөн сурагчийн нэрсийг ил болгох боломжгүй гэж үзсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар Хөх ордны дижитал харилцааны төвийн дарга Ко Жу Хи “Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг задруулах боломжгүй. Тиймээс өргөдлийн дагуу сурагчдын нэрсийг нь ил болгох боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалж: JTBC 

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө