Хойд Солонгос улс 2017 оноос хойших хамгийн том пуужингийн туршилтаа өнөөдөр өглөө хийлээ

Хойд Солонгос улс 2017 оноос хойших хамгийн том пуужингийн туршилтаа өнөөдөр өглөө хийлээ

Хойд Солонгос улс өнөөдөр өглөө 07:52 цагт/орон нутгийн цагаар/ пуужин хөөргөжээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр өнөөдөр хөөргөсөн нь дунд тусгалын баллистик пуужин(IRBM) байсан бөгөөд энэ нь 2017 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн том туршилт болсон аж.

Япон болон Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн тооцоолсноор пуужин 2000 км өндөрт хөөрч, 30 минутын турш 800 км зайд нисэн Японы тэнгист газарджээ. Ингэснээр тус улс он гарснаас хойш долоо дахь пуужингийн туршилтаа хийгээд байна. Япон, АНУ, Өмнөд Солонгос өнөөдрийн туршилтыг эрс буруушаасан байр суурийг илэрхийллээ. Пуужин хөөргөсөн нь тогтоогдсоны даараа АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлалаас мэдэгдэл гаргаж, Умард Солонгосыг "тогтворгүй байдлыг алдагдуулах үйлдэл хийхгүй байхыг" уриалжээ.

2018 онд Умардын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэг, алсын тусгалт тив алгасагч баллистик пуужин (ICBM) туршихыг зогсоож байгаагаа зарласан. Гэвч 2019 оноос дэлхийн улс орнуудын хоригийг үл харгалзан пуужингийн туршилтаа хийсээр байна.

НҮБ Хойд Солонгосыг баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглож, хатуу хориг арга хэмжээ авсан. Мөн энэ сарын эхээр АНУ Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: BBC