Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани Монголд явуулж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, “ногоон устөрөгч” үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн. Тэгвэл тус компани төслөө нэг шат урагшлуулж “Mongolia Green Finance Corporate” (MGFC)-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаа зарлалаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал хайгуул, үнэлгээний 1, 2-р шатны нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах боломжийг тодорхойлох, ойн аж ахуй, байгальтай холбоотой нөхөн төлбөрийг илүү өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, мөн төслийн санхүүжилтийн асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм.
“Elixir” компаниас саяхан Монголын Өмнөговийн ногоон устөрөгчийг үйлдвэрлэх салхи, нарны эрчим хүчний нөөцийн судалгааг эрчим хүчний шинжээч “K1 Capital”-аар хийлгэсэн. Судалгаанд дурдсанаар төсөл хэрэгжүүлэх байршилд салхи, нарны эрчим хүч нийт 79 хувийн ашиглалттай байжээ. Тус компанийн өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан Өмнөд Голдфилд, Баруун Австралийн Пилбара бүсэд уг үзүүлэлт 45-60 хувьтай байсан. Тиймээс Монголын бүс нутгаас 60 хувиар илүү устөрөгч үйлдвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
“Elixir Energy” компанийн гүйцэтгэх захирал Нил Янг “Хойд талаараа ОХУ, өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн ногоон устөрөгчийн нөөцийг судлах чиглэлээр засгийн газартай нь хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэв.
Монгол Улсын хувьд эрчим хүчний гол импортлогч БНХАУ-тай хиллэдэг газар зүйн байршил гол давуу тал болж байгааг тус компани дурджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, тээвэрлэлтийн зардал хямд зэрэг давуу талуудыг онцолсон байна. БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон устөрөгчөөс гаргаж авсан эрчим хүчний эрэлт өндөр байгаа аж. БНХАУ-ын “Sinopec”, “PetroChina” зэрэг компаниуд энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа юм.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлнэ гэж мэдээлсэн юм. Дээрх мэдэгдлийн дараа “Elixir Energy” компанийн хувьцааны ханш өсөөд байна. Есдүгээр сарын 22-ноос хойш 20.4 хувиар өсөж, 2.65 австрали доллар болоод байсан билээ.
Эх сурвалж: Magazine-australia