Украин ОХУ-ыг цэргээ татахыг уриаллаа

Украин ОХУ-ыг цэргээ татахыг уриаллаа

ОХУ, Украины хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэж байна.

Өнөөдөр Украины эрх баригчид ОХУ-ыг өөрсдийнх нь хилээс цэргээ татаж, барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхийг уриллаа. Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Орос улс дипломат харилцаагаа үргэлжлүүлж, Украины хил дагуу болон түр эзэлсэн нутаг дэвсгэрт цуглуулсан цэргийн хүчээ эргүүлэн татах ёстой” гэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүс “Ройтерс” агентлагт ОХУ Украины хил дээр шархадсан цэргүүдийг эмчлэхэд ашиглах цусны нөөц, эмнэлгийн хэрэгслүүд төвлөрүүлж эхэлсэн талаар мэдээлсэн нь нэлээдгүй шуугиан тарьсан. Пентагоноос өмнө нь ОХУ Украины хилд эмнэлгийн тусламж төвлөрүүлж буй талаар мэдээлж байсан. Гэхдээ цусны нөөц хүртэл бэлдэж буй нь Оросын цэргийн бэлэн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой зүйл боллоо хэмээн мэргэжилтнүүд үзсэн юм.

Украины хил дээрх ОХУ-ын цэргийн хуаранг агаараас авсан зураг

АНУ энэ мэт анхааруулгыг өгсөөр байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Оросууд ирэх хоёрдугаар сард Украин руу дайрах өндөр магадлалтай байна” хэмээн хэлсэн юм. Мөн хэрэв ОХУ Украин руу довтолбол шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэдгээ тодорхой мэдэгдээд буй. Харин Орос улс өчигдөр/2022.01.30/ АНУ-тай "харилцан хүндэтгэлтэй" харилцаа тогтоохыг хүсэж буйгаа илэрхийлж, Украинд заналхийлж байгаагаа үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө