ВИДЕО: Өдгөө 86 нас хүрч буй ч  залуусаас дутахгүй морь унаж, эмнэг сургадаг Д.Бямбаням буурайн гэрт зочиллоо

ВИДЕО: Өдгөө 86 нас хүрч буй ч залуусаас дутахгүй морь унаж, эмнэг сургадаг Д.Бямбаням буурайн гэрт зочиллоо

Одоогоос хоёр жилийн өмнө тал дундуур хурдан морьтой давхиж буй нэгэн эмээгийн зураг цахим сүлжээнд “од” болж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэр бол Д.Бямбаням буурай. Өдгөө 86 насыг зооглож буй тэрбээр одоо ч залуугийнх шигээ моринд эрэмгий хэвээрээ.

Үүгээр ч зогсохгүй ямар ч машиныг сайн жолоодож чаддаг адтай нэгэн. Бид сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн тусгай дугаараа Төв аймгийн Аргалант сум, Хустайн нурууны Молцог элсэнд өвөлжиж буй Д.Бямбаням эмээгийн гэрээс бэлтгэн хүргэлээ.

2022 оны нэгдүгээр сарын 26. Түм түжгэнэж, бум бужигнасан саарал хотоос гарч, нэг цаг гаруй давхисаар Төв аймагт ирэв. Төв аймгийн Хустайн нуруунаас холгүй Д.Бямбаням эмээгийн гэр байх аж. Биднийг гэрийнх нь гадаа очиход Д.Бямбаням эмээ нохой хорин тосож авсан юм. “Амар мэнд байцгаана уу хүүхдүүд минь, алив гэр рүү ор” гэж инээвхийлэн зогсох энэ буурайг олоон жилийн өмнөөс мэддэг, таньдаг мэт дотно санагдаж байлаа.

Д.Бямбаням гуай 1936 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төржээ. Айлын ганц охин тэрбээр багаасаа аавыгаа даган мал хариулж, адууны оторт явснаар морь унаж сурсан аж. Тэрбээр өөрийн морьтой холбогдсон түүхийг ярихдаа “Би таван настайгаасаа 17 хүртлээ хурдан морь унасан. Миний аав, ээж мөн л Төв аймгийн уугуул.  Миний аав орчин тойрны айлуудынхаа адууг аваад өвлийн оторт явдаг байсан. Тэгэхэд нь би дагаж явдаг байлаа. Хоёр салдаг тоонотой, гурван ханатай гэрээ нүүлгээд өвсний сайханд адуугаа оторлуулдаг байв. Хаана хононо тэр газраасаа өглөө адуунд мордоно. Аав минь уулын орой дээр гарч эргэн тойрноо харчхаад “Охин  минь тэр айлын адуу тэнд байна. Энэ айлын адуу энд байна. Миний охин хураагаад ир” гээд л явуулдаг байсан. Хүүхнээрээ унуулахаар морь муухай болохгүй гэж хэлээд намайг их дагуулж явдаг байсан даа. Ингээд л би адуунд хайртай болсон. Аавынхаа буянаар морь сайн унахаас гадна уургалдаг, эмнэг булгиулж, уяж сурсан. 20 гаруй жил морь уясан.  Уясан морио нөхрийнхөө нэр дээр уралдуулдаг байсан. Миний уясан морь 1972 оны ойгоор улсын наадамд түрүү авч байлаа” хэмээн хуучилсан юм.

Д.Бямбаням гуай 1966-1967 оны хооронд нэг жил гаруй сургуульд сурч, жолооч мэргэжилтэй болж байжээ. Ингээд сургуулиа төгссөн цагаас тэтгэвэрт гартлаа тээврийн жолооч хийсэн байна. Тэрбээр бага охиноо гэдсэндээ байхад чиргүүлтэй Зил-130 машин бариад Баян-Өлгий аймаг хүртэл явж байсан аж. Үүгээр ч зогсохгүй төрөөд 20 хоноогүй нялх биетэй байхдаа хүүхдээ машиныхаа кабинд уян тээвэрт явдаг байсан гэнэ. Бид Д.Бямбаням гуайн гэрт удтал хууч хөөрөөд гэрийн урд харагдах толгод руу явсан юм. Толгод руу явахдаа Д.Бямбаням эмээгээр жолоо бариулав. Эмээ бидний унаж ирсэн “Subaru” машиныг төвөггүй жолоодон, бартаатай замаар хэдхэн минутын дотор толгод өөд хүргэчхэв.

“Эмээ нь уг нь Приус 20-той. Машинаа унаад ганцаараа Улаанбаатар орчионо. Одоо өвөл болохоор хээр явж байгаад дугуй нь хагарчихвал яах юм гэж хүү минь унуулахгүй байгаа. Залуу байхдаа Зил 130 машиныхаа дугуйг өөрөө сольчихдог байлаа. Одооны жолооч нар ч гараа тостохоо байж дээ” гэв. Д.Бямбаням эмээтэй хийсэн ярилцлагыг дээрх видеоноос үзнэ үү.