“Оросын түрэмгийлэл хэзээ ч эхэлж магадгүй” гэж АНУ анхаарууллаа

“Оросын түрэмгийлэл хэзээ ч эхэлж магадгүй” гэж АНУ анхаарууллаа

“Орос хэзээ ч Украин руу довтолж магадгүй тул Америкийн иргэд нэн даруй тус улсаас гарах ёстой” гэж АНУ анхааруулаад байна. Мөн тус довтолгоо нь агаарын бөмбөгдөлтөөс эхэлж энгийн иргэдэд аюул учруулж болзошгүй гэж Цагаан ордон баасан гараг /2022.02.11/-т мэдэгдэл хийлээ.

Учир нь ОХУ Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэргээ төвлөрүүлээд байгаа юм. Харин ОХУ уг мэдээллийг удаа дараа үгүйсгэсээр байгаа.

АНУ-ын дээрх мэдэгдэл Дэлхийн улс орнуудын Украинд байгаа иргэдэд шинэ сэрэмжлүүлэг болоод байна. Мөн АНУ ням гараг /2022.02.13/-аас эхлэн яаралтай тусламжиийн үед Львов хотод дахь консулын газраас бусад консулын газрын үйлчилгээг түр зогсоохоо мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотой Украинд суугаа Их Британийн Элчин сайд Мелинда Симмонс өөрийн багийнхны хамт Киевт саатаж байгаа тухай твиттер хуудсандаа бичжээ. Үүний зэрэгцээ тэрээр "Орос, Украин улсуудад байх дипломат ажилтнуудынхаа тоог оновчтой болгохоор шийдсэн" гэдгээ мэдэгдлээ.

Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан "Оросын арми одоо цэргийн томоохон ажиллагаа явуулах боломжтой болсон мөн бид ирээдүйг урьдчилан таамаглах боломжгүй, яг юу болохыг мэдэхгүй ч эрсдэл өндөр, аюул заналхийлж байгаа тул болгоомжтой байгаарай" гэж сэрэмжлүүлгийг илүү хурцатгаж байна гэжээ. Ж.Салливан нэмж хэлэхдээ, "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин довтлох шийдвэрээ эцэслэн гаргасан эсэхийг мэдэхгүй ч Кремль цэргийн ажиллагааг зөвтгөх шалтаг хайж байгаа бөгөөд энэ нь агаарын хүчтэй бөмбөгдөлтөөс эхэлж магадгүй” гэж мэдэгджээ.

Сонирхуулахад, өнөөдөр үүсээд байгаа энэхүү хурцадмал байдал нь, “Кремль хуучин Зөвлөлтийн орнуудын нэг болох Украиныг НАТО-д элсүүлэхгүй байхын тулд "улаан шугам"-ыг хэрэгжүүлэхийг хүссэнээс үүссэн” гэж буй юм. Харин үүний хариуд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Эв нэгдэлтэй, ямар ч хувилбарт бэлэн" гэж мэдэгдсэн юм.