Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн хөтөлбөрөө хүргэлээ.
Өнөөдөр Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн бүрдүүлж, хэрхэн зарцуулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "2027 оны улсын төсөвт Оюутолгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөг оруулж ирнэ гэсэн байгаа. Энд маш олон асуултын тэмдэг үлдэж байна. Өнөөдөр Монгол Улс 3 их наядыг авбал 66 хувийг эзэмшдэг Рио Тинто 6 их наядыг авах болно. Гэтэл санхүүгийн байдлыг нь харвал Оюутолгой компани 2026 оны ашгаасаа өгөх боломжтой юу гэдгийг асуух ёстой. Миний хувьд ногдол ашгийг урьдчилж авахыг буруушаагаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн дутагдлыг нөхөхийн тулд урьдчилж авбал буруу болно. Түүнчлэн инфляци, үнийн хөөрөгдөл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө тараах нь нэг удаагийн гал унтраах арга хэрэгсэл болно" хэмээн ярилаа.