ОХУ, Украины хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг танилцуулж байна.
Украины эрх баригчид хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг гаргажээ. Уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид мөн оролцох аж.
Тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “ОХУ хилийн орчимд цэрэг төвлөрүүлж буйгаа тайлбарлах бидний албан ёсны хүсэлтийг хэрэгсэхгүй байгаа. Тиймээс тэдний төлөвлөгөөг ил тод болгох үүднээс 48 цагийн дотор уулзалт хийхийг уриалж байна” гэжээ. Украины хил дээр ОХУ 100 мянга гаруй цэрэг төвлөрүүлээд байгаа ч халдан довтлох зорилгогүй гэж тайлбарлаж буй. Гэвч АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгааг өдөр бүр анхааруулсаар байна.
Өнөөдрийн байдлаар 10 гаруй орон иргэдээ Украинаас гарахыг уриалж байгаа бол зарим орон Элчин сайдын яамны ажилтнуудаа нийслэлээс татсан байна. Мөн АНУ ойрын 48 цагийн дотор Киевээс бүх боловсон хүчнээ татахаар бэлтгэж эхэлсэн талаар CBS News мэдээлжээ.
Нөгөө талаас уг улс төрийн хямралыг намжаах дипломат үйл ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй цаг гаруй хугацаанд утсаар ярьжээ. Цагаан ордны мэдээлснээр Байден Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Хариуд нь Владимир Зеленский АНУ-ыг буцалтгүй тусламж үзүүлсэнд талархаж буйгаа хэлж, Жо Байденыг Украинд ирэхийг урьжээ. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Жо Байден В.Путинтай нэг цаг гаруй онлайн уулзалт хийсэн ч хоёр тал төдийлөн ойлголцолд хүрч чадаагүй аж.
Германы канцлер Олаф өнөөдөр Киевт ерөнхийлөгч Зеленскийтэй, мягмар гарагт Москвад В.Путинтэй уулзахаар төлөвлөжээ. ОХУ-ын нэг шаардлага бол Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх. Гэвч НАТО болон барууны орнууд Украин зэрэг тусгаар тогтоосон улс орнууд аливаа асуудлыг өөрсдөө шийдэх эрх чөлөөтэй, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын эсрэг арга хэмжээ авах зорилгоор байгуулагдсан аюулгүй байдлын эвсэлд гишүүнээр элсэх хүсэлт гаргах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: BBC