АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар өнгөрөгч шөнө Украины асуудлаар 40 минут орчим ярилцжээ. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд ОХУ цэргийн ажиллагаагаа ойрын хугацаанд явуулж болзошгүй ч одоог хүртэл хэлэлцээ хийх боломжтой хэвээр байгааг онцолсон байна. Мөн "Украины нутаг дэвсгэрт халдвал Орост удаан хугацааны хямрал нүүрлэж, цаашлаад дэлхий дахинд асар их хохирол учруулах болно" гэжээ.
Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлыг дипломат аргаар зохицуулах оролдлогууд үргэлжилсээр байна.
Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "болзолт үг хэллэг"-ээс сэрэмжилж, энхийн замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Мөн Украины Ерөнхийлөгч Зеленский ард түмэндээ хандан үг хэлэхдээ 2-р сарын 16 буюу АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр "Орос улс халдаж болзошгүй" өдрийг "эв нэгдлийн өдөр" болгон зарлалаа.
Гэвч нөгөө талд сандрал, сэрэмжлүүлэг үргэлжилсээр. Тодруулбал, АНУ-ын удирдах албан тушаалтнууд Орос, Украины хилийн ойролцоо өдрөөс өдөрт цэргийн хүч, чадавхыг нэмэгдүүлж байгаа бөгөөд АНУ агаарын бөмбөгдөлт "хэзээ ч" эхэлж магадгүй гэж мэдэгдэв. Мөн тус улс Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамыг бүрэн нүүлгэн баруун хэсгийн Львов хотод шилжүүлж эхлээд байна.
Өчигдөр/2022.02.04/ АНУ НАТО-гийн агаарын эргүүлд оролцохоор ОХУ-тай зүүн талаараа хиллэдэг Польш руу дахин найман F-15 сөнөөгч онгоц илгээжээ. Бүс нутагт НАТО-гийн цэргийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд ойрын хэдэн өдөр Польш руу нэмэлт 3000 цэрэг илгээнэ гэж АНУ өмнө нь мэдэгдээд байсан билээ.
Эх сурвалж: BBC, Аljazeera