Өнгөрөгч шөнө ОХУ Украины хилд төвлөрүүлээд байсан зарим цэргээ татсан талаар тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа НАТО “цаашид цэргүүдээ шат дараатай татна” гэсэн өөдрөг найдлага тавьж буйгаа илэрхийлсэн байна.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг мэдээлэл хараахан батлагдаагүй байгаа бөгөөд “ОХУ Украин руу довтлох аюул одоог хүртэл байгааг” сануулжээ. Тэрбээр үндэсний телевизээр хэлсэн үгэндээ “ОХУ Украин руу довтолбол асар их хохирол учрах болно. Одоогоор тус улс Украины хилийн орчимд 150 мянган цэргээ байршуулаад байна. Өнөөдөр гарсан мэдээллийн дагуу Оросууд цэргээ татсан нь сайн хэрэг боловч бид үүнийг хараахан нотлоогүй байна. Хэрэв ОХУ Украин руу дайрвал бид "Nord Stream 2" байгалийн хийн хоолойг хааж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авах болно” гэжээ. Түүнчлэн тэрбээр Оросын иргэдэд хандан “Орос бол бидний дайсан биш. Оросын иргэд Украины эсрэг цус урсгасан, хор хөнөөлтэй дайн хийхийг хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
ОХУ-ын зүгээс Украин руу халдан довтлох ямар ч зорилго бидэнд байхгүй гэж мэдэгдэж буй. Гэсэн ч АНУ тэргүүтэй барууны орнууд сэрэмжлүүлэг өгсөөр байна. Хэдхэн хоногийн өмнө Их Британийн эрх баригчид ОХУ, Украины хилд хээрийн эмнэлэг байгуулж эхэлснийг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC