БИДНИЙ ТУХАЙ: Бусад нийлүүлэгч хямд үнэ санал болговол Хятад улс Монголоор дамжуулан хий авах төслийг орхих бүрэн боломжтой

БИДНИЙ ТУХАЙ: Бусад нийлүүлэгч хямд үнэ санал болговол Хятад улс Монголоор дамжуулан хий авах төслийг орхих бүрэн боломжтой

Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн ТЭЗҮ-г эцэслэсэн. Тэгвэл төслийн талаар шинжээч Б.Батсайхан  ОХУ-ын “REGNUM” мэдээллийн ярилцлага өгчээ. “REGNUM” агентлагт гарсан мэдээллийг хүргэж байна.

-ХЯТАД УЛС МОНГОЛООР ДАМЖУУЛАН ХИЙ ХУДАЛДАН АВАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ МЭДЭГДТЭЛ БАЯРЛАХАД ЭРТ БАЙНА-

Орос-Монгол-Хятад гэсэн маршрутаар хийгдэх "Союз Восток" хийн хоолойг барих ажилд нэлээдгүй хугацаа шаардагдана хэмээн шинжээч Б.Батсайхан “REGNUM” агентлагт тайлбар өглөө.

Тэрбээр “Энэ том төслийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй хугацаа шаардагдана гэж бодож байна. Байгалийн хийн эцсийн хэрэглэгч Хятад улс төслийг хараахан сонирхоогүй байна. Хятад улс Монголоор дамжуулан хий худалдаж авахад бэлэн гэдгээ мэдэгдтэл баярлахад эрт байна. Монголын эрх баригчид уг төслийг хэрэгжүүлэх амжилт гаргаснаа чангаар тунхаглаж байсан ч Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сэдвийг огт дурдаагүй.

Төслийг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт, ОХУ-аас маш олон баримт бичиг боловсруулах шаардлагатай. Орос улс Хятадад байгалийн хий нийлүүлдэг цорын ганц орон биш гэдгийг бүү мартаарай.

Хэрэв бусад нийлүүлэгч хямд үнэ санал болговол Хятад улс "Союз Восток"-ыг орхих бүрэн боломжтой. Хэрвээ Хятад улс “Союз Восток” хоолойгоос хий худалдаж авахаар шийдсэн бол Орос, Монголтой зөвшилцөх ёстой. Тиймээс л маш их цаг хугацаа шаардах болно. Одоогоор бид алаагүй баавгайн арьсыг арав хувааж байна.

Зарим хүн энэ төслийг эерэгээр үнэлж, төслийн ачаар Монгол Улс хийн хэрэглэгч болно гэж сайшааж байгаа. Гэхдээ одоо энэ тухай ярих цаг биш. Манай улс цөөхөн хүн амтай. Энэ утгаараа хийн хэрэглэгчид ч цөөхөн болно гэсэн үг юм. Тэгээд ч экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг байгалийн хийгээр орлуулах нь тийм ч оновчтой хувилбар биш. Мэдээж байгалиа хамгаалах үүднээс энэ нь зөв сонголт байх болно. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна" гэв.

Эх сурвалж: Regnum