ОХУ-ын Екатеринбург хотын шүүх "Лурк" гэх нэртэй хакерын томоохон бүлгийн гишүүдэд 5-13 жил хүртэлх хорих ял оноосон талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ.
21 гишүүнтэй тус хакерын бүлэг 2015-2016 оны хооронд хэд хэдэн томоохон банк, аялал жуулчлалын компаниудын компьютерийн дотоод сүлжээнд нэвтэрч ихээхэн хэмжээний мөнгө хулгайлсан нь баримтаар тогтоогдсон аж. Тэдний учруулсан нийт хохирол 1.2 тэрбум гаруй рубльд хүрчээ.
Харин хакерын бүлгийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. Өмгөөлөгч Федор Акчермышев "Бид шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бөгөөд давж заалдана. Үйлчлүүлэгчийн маань гэм буруутай нь хэргийн материалаар нотлогдоогүй” гэжээ.
“Лурк” бүлэглэлийн бүтээсэн вирус компьютерт ул мөрөө үлдээдэггүй тул тэднийг илрүүлэхэд амаргүй байсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Ria.ru