Өөрсдийгөө тунхагласан Оросын дэмжлэгтэй бүгд найрамдах улсууд болох Донецк, Луганск мужийн иргэдийг өнгөрсөн шөнө /2022.02.19/ Украинаас нүүлгэн шилжүүлж эхэлжээ. ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар эхний ээлжид хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг автобусаар ОХУ-руу шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн мужуудтай хил залгаа Оросын Ростов мужид Украинаас ирсэн дүрвэгчдийг хүлээж авч, байрлуулах даалгаврыг В.Путин онцгойлон өгчээ. Украинаас салан тусгаарлаад байгаа Донецк, Луганск мужийн иргэдийн ихэнх нь орос үндэстэн аж.
Харин АНУ тэргүүтэй барууны орнууд уг үйл явдлыг ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох дайны эхлэл байж магадгүй гэж мэдэгдээд байна.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ, Украин руу дайрахаар шийдсэн гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд халдлага гарч болзошгүй гэж мэдэгдсэн нь шуугиан тариад байна. Өнгөрөгч шөнө тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Оросын цэргүүд ойрын өдрүүдэд Украин руу довтлохоор төлөвлөж байна. Бид үүнийг АНУ-ын Тагнуулын мэдээнд үндэслэн хэлж байна. ОХУ хамгийн түрүүнд Киев хотыг онилно гэж тагнуулынхан үзэж байгаа” гэжээ.
Гэсэн ч тэрбээр ОХУ-ыг үүсээд буй нөхцөл байдлыг "дипломат аргаар шийдэх боломжтой хэвээр байгаа бөгөөд хэлэлцээрийн ширээнд суухад оройтоогүй" гэжээ.
АНУ-ын тооцоолсноор Украины нутаг дэвсгэр болон ойролцоо 169-190 мянган ОХУ-ын цэрэг байгаа аж. Үүнд Донецк, Луганск зэрэг салан тусгаарлагчдын цэргүүд ч багтсан байна. Хэрэв нөхцөл байдал даамжирвал энэ нь Югослав, Чеченийн дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болох юм.
Эх сурвалж: BBC