ОХУ Беларусьд төвлөрүүлсэн цэргүүдээ нутаг буцаахаа мэдэгдэж, В.Путин, Э.Макрон нар Украины зүүн бүс нутагт гал зогсоохоор тохиролцов

ОХУ Беларусьд төвлөрүүлсэн цэргүүдээ нутаг буцаахаа мэдэгдэж, В.Путин, Э.Макрон нар Украины зүүн бүс нутагт гал зогсоохоор тохиролцов

2022 оны хоёрдугаар сарын 20 олон хүний хувьд түгшүүр дагуулсан өдөр байв. Учир нь энэ өдөр Бээжин 2022 өвлийн олимпын наадам өндөрлөсөн бөгөөд үүний дараа ОХУ Украин руу халдан довтлох болно гэсэн болгоомжлолыг төрүүлж байв.

Гэвч эсрэгээрээ ОХУ хурцадмал байдлыг намжаах санал дэвшүүллээ. Тодруулбал, ОХУ Украинтай хиллэдэг Беларусийн газар нутагт төвлөрүүлээд байсан цэргүүдээ сургуулилт дууссаны дараа нутаг буцаах болно гэж мэдэгдээд байна. Энэ талаар Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей “сургуулилт дууссаны дараа Оросын нэг ч цэрэг,нэг цэргийн техник манай улсад үлдэхгүй” гэжээ.

Мөн өнгөрөгч шөнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Пуин нар Украины зүүн бүс нутагт гал зогсоох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хоёр улсын гадаад хэргийн сайд нар ойрын өдрүүдэд уулзахаар болжээ.

Украины ерөнхийлөгч В.Зеленский ч В.Путинтай ойрын өдрүүдэд уулзахаа мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ юу хүсэж байгааг мэдэхийн тулд” В.Путинтай уулзаж, үүсэж болзошгүй түрэмгийллийг энх тайвнаар зохицуулах арга замыг эрэлхийлэхэд бэлэн байна” гэжээ.

ОХУ-ын Украины хилд төвлөрүүлээд буй цэргийн бааз. Сансраас авсан зураг

Гэвч үүнтэй зэрэгцэн Украинаас салан тусгаарлагчдын нөхцөл байдал хурцдаж байгааг зарим хэвлэл онцолж байна. Тодруулбал, Баасан гарагт Оросын дэмжлэгтэй бүгд найрамдах улсууд болох Донецк, Луганск мужийн иргэдийг Украины хилээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Баасан гарат тус мужуудтай хил залгаа орших Оросын Ростов мужид Украинаас ирсэн дүрвэгчдийг хүлээж авч, байрлуулах даалгаврыг В.Путин онцгойлон өгсөн. Үүний дараа Ростовд онц байдал зарлажээ.

Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын салан тусгаарлагчдыг энгийн иргэдийн газар нутагт хүнд зэвсгүүд байрлуулж, Украины засгийн газрын хяналтад байгаа бүс нутгийг бөмбөгдөхөд ашигласан гэж буруутгасан байна.

Эх сурвалж: CNN, Aljazeere